sonin.mn

Орос улсад тун удахгүй нэгэн ер бусын ундаа гарах болно.Түүнийг шубат гэж нэрлэдэг ба тэмээнмй сүүгээр хийсэн тараг гэнэ. Монголоор бол ингэний хоормог юм. Астрахань мужид энэхүү хоормогыг үйлдвэрлэх юм байна. ОУ-ын өмнөд нутгийн энэ бүсэд тэмээ үржүүлдэг бөгөөд Астрахань муж нь 6000 орчим тэмээтэй. Энэ нь Орос улсад хамгийн олон тэмээтэй газар юм.

Шубат буюу хоормогийн жорыг тус хотын их сургуульд боловсруулсан байна. Технолог нь маш энгийн, тэмээний сүүг эхлээд лабораторт шалгадаг бөгөөд дараа нь түүнийг боловсруулах цехт шилжүүлж тусгай зориулалтын том саванд өндөр температурын боловсруулалт буюу пастеризацийг хийдэг байна.

Ингээд 95 хэмд 15 минут боловсруулсны дараа л шууд уух зориулалттай сүү бэлэн болдог байна. Харин хоормог нь 4 цагийн дараа бэлэн болдог. Энэ хоормог гайхалтай лактобактераас болж эмчилгээний чанартай болдог юм гэж анагаахын шинжлэх ухааны доктор Олег Рубальский ярьж байна.

"Энэ ундаагаар анагаах өвчний нэрсийн жагсаалт нилээд урт юм. Харшлын эсрэг хэрэгсэл, хорт хавдар, ялангуяа нарийн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хэрэгслийн хувьд ашиглахад маш тустай юм гэж тэрээр ярилаа. Нэг ингэнээс жилийн дотор 1500 литр сүү саадаг байна. Ингэний сүү нь уураг болон сүүний сахарын өндөр агууламжтай, С.А бүлгийн витаминаар баялаг юм.

Мөн хүний бие организмд шаардлагатай микроэлементүүд элбэг байдаг байна. Энэ эмчилгээний чанартай ундааг өргөн олонд хүртээмжтэй болгох эсэх нь тэмээчдээс ихээхэн хамаарна гэж Астраханийн их сургуулийн багш, биологийн ухааны доктор Марина Лазько тэмдэглэж байна. Хамгийн гол нь ингэ саадаг фермерүүдийн сонирхлоос ихээхэн шалтгаална. Тэд ингэнийхээ тоо толгойг сайн өсгөх л хэрэгтэй байгаа юм гэж тэрээр ярилаа.

Одоогийн байдлаар тэмээг зөвхөн мах, ноосны чиглэлээр өсгөж байгаа нь харамсалтай. Нутгийн иргэд ботгоны махаар бешбармак гэдэг үндэсний хоол хийдэг нь үнэхээр харамсмаар. Тэмээ маш өндөр чанартай ноостой. Тэмээний ноосоор хийсэн эд зүйл нь хөнгөн, зөөлөн, дулаан гэдгийг хүн төрөлхтөн эрт дээр үеэс мэддэг болсон билээ.

Астраханийн их сургуулийн эрдэмтэд ингэний хоормогноос гадна ингэний сүүний йогурт хийхээр төлөвлөж байна. Ингэний жинхэнэ сүүгээр хийх шинэ бүтээгдэхүүн ингэний хоормогны нэгэн адил эмчилгээний чанартай байх юм.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин