sonin.mn

АТЛАНТА. /Ёнхап/. АНУ-д бага насны хүүхэд эцэг эхийн буруугаас болж, бүгчим халуун машинд удаан түгжигдэн амиа алдсан хэргүүд гарч нийгмийг цочролд оруулаад байгаа билээ. Энэ удаад гурван настай хүү ээжийнхээ машинд тоглож байгаад амиа алдсан хэрэг гарав.

Энэ сарын 2-нд Хойд Каролина муж улсад гурван настай хүү ээжийнхээ машинаас ухаан алдсан байдалтай олдсон боловч биеийн байдал сайжралгүй байсаар амьсгал хураажээ.

Ээж нь зурагт үзэж байгаад буйдан дээр түр зүүрмэглэх хооронд гурван настай хүү нохойтойгоо хамт гэрийнхээ өмнө байсан ээжийнхээ машинд орж тоглож байгаад ухаан алдсан бололтой гэж цагдаа нар таамаглаж байна. Мөн хүү машин дотор дээд тал нь 20 минут болсон гэж цагдаа нар үзэж байгаа ба хүүг олох үед хамт байсан нохой нь үхсэн байжээ.

Бүгчим халуун машинд бага насны хүүхэд амиа алдах тохиолдол 2013 онд 44, 2014 он гарсаар 13 гарч энэ төрлийн золгүй явдал тасрахгүй гарч байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг