sonin.mn

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан хурдан морь унаач хүүхдийн хамгаалал, даатгалын асуудлаар өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газраас Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Даатгагчдын холбоо, Монголын Морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Г.Хэрлэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Дэд дарга Т.Энхтайван, Монголын Даатгагчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Бат-Орших, Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Санамж бичгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Даатгагчдын холбоо дараах үүргийг хүлээж байна.

• Хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэнэтийн ослын бүтээгдхүүний үйлчилгээг сайжруулах

• Хурдан морь уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах түүнтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал, санаачлага гаргаж олон нийтэд танилцуулах шийдвэр гаргагчдад нөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах

• Даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд Даатгагч байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлэх
Монголын Морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах ерөнхий нөхцөл:

• Уралдаанч хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах, хурдан морины уралдааны зохион байгуулалтыг өндөржүүлэх, хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй уралдааныг хориглох, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын хяналт, оролцоог нэмэгдүүлэх

• Эрх зүйн орчныг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал, санаачилгыг гаргаж, олон нийтэд танилцуулах, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид уламжилж шийдвэрлүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллана.

• Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд идэвхи санаачлага гаргаж нийгмийн хариуцлагаа ухамсарласан эзэд, уяач, уралдаанч хүүхэд, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

• Уралдаанч хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, талууд хамтран эрх бүхий байгууллагад төлөөлөн нэхэмжлэгчээр ажиллана.

• Уралдаанч хүүхдийн ослын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж буй Даатгалын компаниудын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэнд хяналт тавьж, дээрх асуудлаар санал хүсэлтээ Санхүүгийн Зохицуулах хороонд хүргүүлнэ.

Дээрх байгууллагууд хамтран хүүхдийн эрх, хамгаалалын чиглэлээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, нөлөөлөл, сурталчилгаа, нөхцөл байдлын судалгаа хийх, арга зүйг боловсруулах, үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийж, эцсийн үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга нарын тэргүүлдэг Хүүхдийн төлөө зөвлөл болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд танилцуулж, цаашид шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм байна.

Н.Туяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг