sonin.mn

Нийтлэлийн хаалга үүдийг нээхийн учир

Оюун сэтгэлгээний чадамжаараа дэлхийн оргил зуун хүний тоонд шалгарсан Монголын ганц хүн мөн агаад шударга үнэний төлөө мятрашгүй тэмцлээр хүмүүний хорвоог туулж яваа эрхэм хүний тухай бичнэ гэвэл чухам хэн овогтой хэний тухай бичих гэж байгааг уншигчид бараг гадарлах байх. Тийм ээ, энэ удаа Лодонгийн Түдэв гэдэг алдарт хүний тухай бичих болно. Үнэний тухай дуулах цорын ганц үүрэгтэй Монголын олон мянган сэтгүүлчдийн дотроос гарч ирсэн хөдөлмөрийн баатар нь ганц энэ хүн гэдгийг эхэлж онцольё. Засагт ханы уугуул нутгаас төрсөн нэр цуутай алдарт харчуудын нэг нь Л.Түдэв мөнийг бас нэмье. Үнэний дуу хоолойг  "Үнэн", Түдэв, үнэнчүүдийн гурвал улам хүчтэй өргөж байсныг онцлон тэмдэглэе.

Монголын XX зууны шударга үнэнийг гоцлон дуулагч сэтгүүлч зохиолчдын цадиг онгодыг эрчлүүлж, ард нийтийг орчин цагийн улс төрийн эрдэм ухаанаар соён гэгээрүүлж ирсэн утгаар нь нэгэн цагт "Үнэн" хэмээх нэрээрээ алдаршиж явсан тэр сониныг аугаа гэж хэлэхэд хэтэрсэн үнэлгээ болохгүй биз ээ. Ямарч гэсэн тус сонин их Д.Нацагдорж, Д.Дамбадорж, С.Буяннэмэх, Навааннамжил, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, С.Удвал, С.Дашдэндэв, Ц.Гайтав, Д.Пүрэвдорж гээд шударга үнэнийг дуулагч цаг цагийн бараг бүх алдартны ээлтэй дулаан өлгий болж байсан нь эргэлзээгүй.

Тэр аугаа хүмүүсийн дундаас Лодонгийн Түдэв гэдэг энэ хүн XX зууны хоёрдугаар хагасаас илүү эрч хүчтэй тодорч Монголын нийгэм улс төрийн нэр цуутай том зүтгэлтэн болсон байдаг юм. Аугаа хүмүүс аугааг л бүтээдэг. Сонины онгож гандсан хуудас үүнийг аяндаа хэлээд өгнө. Би 1980 онд "Үнэн" сонины ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч эрхлэгчээр томилогдож очсон. Тэнд арван жил ажилласан. 1984 онд тус сониныг хорин хоёр жил удирдсан домогт эрхлэгч, төрийн шагналт орчуулагч, редактор эрдэмтэн Ц.Намсрай өөр ажилд шилжиж оронд нь нөхөр Л.Түдэв томилогдож ирсэн. 1990 оны хавар хүртэл сүүлийн долоон жил бид хамтдаа ажилласан учраас энэ хүний тухай хуудуугүй үгийг бичиж үлдээх үүрэг надад оногдож байгаа юм.

Монголын XX зууны хоёр том хувьсгал хоёулаа сэтгүүлчдийн тархи толгойд эхэлж мандсан

Цаг нь болсон нийгмийн том том шинэчлэлт өөрчлөлт амьдралд орж ирэхээсээ өмнө өөрийн хүмүүсийн дотоод ертөнцөд сүүдрээ тусгаж тэдний хүсэл тэмүүлэл болон мэдрэгддэг жамтай гэдэг. Эдүгээ бодож байхад 1921 оны Ардын хувьсгал хийгээд 1990 оны Ардчилсан хувьсгал хоёулаа сэтгүүлчдийн тархи толгойд эхэлж ялан мандаад дараа нь нийгмийн амьдралд хэрэгжсэн нь ойлгомжтой байна. Ерээд оны Монголын ардчилсан шинэ өөрчлөлтийг "хий үзэгдэл" төдийхөн байх цагт анх түрүүлэн мэдэрч ивээлдээ авсан хөтөч нь Лодонгийн Түдэв хэмээх Засагт ханы алсхан бодолтой тэр хархүү байсныг би гэрчилнэ.

"Үнэн" сонины баг социализмын мөн чанарыг алдагдуулж байсан хуарангийн дэлгэмийн хана хэрэм рүү 1980-аад оны дунд үеэс эхлэн чухам л их буу шиг галлаж, байлдааны онгоц шиг бөмбөгдөж байсан даа. "Үнэн" сонины үгэн мөндөр буулгадаг тэр их бууны овоо харааг тааруулдаг мэргэн онилогч нь нөхөр Түдэв байсан. Хуарангийн дэглэм гэдэг чиньүнэндээ бол социализм биш харин түүний нэрээр хясан боогдуулах, худал цэцэрхэх, дураараа дэглэх, албаны эрх мэдлээр гайхуулах, ард түмний юмыг ард түмнээс харамлах гох дэгээнүүдийн чуулбар байсан гэж болох юм.

"Үнэн" сонины маргашгүй үнэн баримттай, дайчин хурд бичлэгтэй, нүдээ олсон содон гарчигтай олон олон нийтлэлүүд нь чанадын утгаараа нийгмийн шинэ өөрчлөлтөд өргөн олон нийтийг бэлэн болгох гарын авлага, зэгсэн сайн сурах бичиг болж байсан нь маргаангүй. Монголын бүх хүн ам хоёр сая хүрэхгүй шахам байхад тус сонины захиалга 200 мянгад хүрч байсан гээд бодоход тус сонины далайд, үр өгөөж аяндаа мэдэгдэнэ. Нэг сониныг 4-5 хүн уншдаг гэхээр үнэн сонины үг наад зах нь найман зуун мянгаас нэг сая хүнд хүрч байсан юм. Монголын бараг бүх насанд хүрэгчдийн оюун санаа тийнхүү "үнэн" сонины үнэн үгийг хүлээн зөвшөөрч хамтдаа гэгээрч бас сэхээрч байсан. Монголын сэтгүүл зүйн түүхэн дэх үнэнхүү баатарлаг үйлс мөн байсан.

Оюунлиг хорвоогийн оргил тэргүүн дээр заларсан зуун эрхмийн нэг нь Монголын Түдэв байжээ
Америкийнхан "Дэлхийн оргил зуун хүн" шалгаруулахдаа хоёрхон сая монголоос тэр хэмжээний хүн гараад ирнэ гэж төсөөлөөгүй байж болох юм. Гэвч оюунлигийн шандас сорьсон тэр сунгаанд ар Монголын авьяас билигт хүү Лодонгийн Түдэв арга байхгүй алтан жолоо өргүүлжээ. Тэр үйл явдалтай холбогдуулж "Үнэн" сонинд хамт ажиллаж байсан хэсэг нөхөд нь цээжний үгээ өргөмжлөн барихдаа:

"Хорвоогийн зургаан тэрбум хүний дундаас цэцэн цэлмэг оюунаараа тодорсон дэлхийн сүмбэр их зуун оргилын нэг мөн нь хүлээн зөвшөөрөгдсөний төлөөнөө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт, эрдэмтэн зохиолч, нэрт сэтгүүлч Лодонгийн Түдэв таны өмнө хувь тавилангийнхаа заалтаар хамт ажиллаж, хамаг амжилт бэрхшээлээ хуваалцаж байсан "Үнэн" сонины нэгэн үеийн журмын нөхөд тань мэхийн ёсолж Өргөмжлөлийн бичгээ дэлгэн барьж байгааг хүлээн авч болгооно уу. Элэгдэшгүй, дундаршгүй авьяас билиг тань, эцэшгүй цуцашгүй бүтээлч хөдөлмөр тань, ижилтгэшгүй адилтгашгүй цэцэн цэлмэг ухаан тань, эвдэршгүй зэвэршгүй цайлган цагаан сэтгэл тань үргэлж амсар дүүрэн бялхаж байхын ерөөл тавья. "Үнэн" сонины хэсэг нөхөд" гэсэн байгаа.

Түдэв маягийн аж төрөх ёс гэж нэрлүүштэй хэв загвар бий. Их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, цаг хугацааг цагийн механизм шиг ашиглах, аливаа дэл сул занг үл таашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, холч мэргэнээр угтан харах гэхчилэн тодорхой хэв шинжээр түүний аж төрөх ёсыг баримжаалж болно.

Aлтан дүрмийг нь зөрчвөл амьдрал авгай хилэгнэдэг

Түдэвийг Ардын намын гишүүн болж намын дээд удирдлагын томилолтоор "Үнэн" сонины нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын хорооны орлогч дарга, МХЗЭ-ийн ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг том том албан үүргийг нэр төртэй биелүүлэн гүйцэтгэж явах тэр үед цэцэрлэг сургуульдаа цүнхээ үүрээд гүйлдэж явсан хэсэг багачууд өртөөлөн өнгөрөх цагийн жамаар өсч өндийгөөд 1990-ээд оны дундуур Ардын намын удирдлагын багт нэгэн зэрэг нижигнэлдэн орж ирсэн. Залуу үе ийнхүү эрч хүчтэй нэгэн зэрэг залган гарч ирсэн нь сайхан л байсан.

Олон асуудлыг ирээдүйтэй шинэ өнцгөөс харахыг оролдож байгаа нь тэднийг улам өнгө жавхаатай харагдуулж байсан. Оносон алдсан аль аль нь л байгаа. Тэр бүхний тухай одоо сөхөж ярих нь "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх" мэт инээдтэй боловч дараагийн борооноос өмнө сайн цувтай болж авах талаас нь бодолцвол тийм ч муу биш.Тэр тусмаа Монголыг Монголоор нь тогтоон барьж явдаг амьдралын хөдөлшгүй суурь дүрмийг зөрчсөн байвал түүнийг заавал эргэн дурсаж ухаарал авах замаар ирээдүйгээ болзошгүй эрсдлээс хамгаалах ёстой. Ямарч нөхцөлд умартаж болдоггүй суурь дүрмийн нэг нь "Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө хаяхыг цээрлэ" гэдэг монгол хүний мөс жудгийн алтан дүрэм юм..

Гэтэл энэхүү алтан дүрмийг үл ойшоосон нэгэн сургамжтай гашуун түүхийг энд сэргээн дурдах гэж байна. Тэр түүх бол олон жил нэг баг болон ханилж явсан намын журмын нөхөд нь Л.Түдэвийг "Үнэн" сонины ерөнхий эрхлэгчийн ажлаас шалтгаангүй шахан гаргасан алдаатай бодлогын түүх юм. Тэр цагийн тэрхүү алдаатай бодлого ужигран сужирсаар байгаад эдүгээ 18 жилийн дараа тус намыг төв хэвлэлгүй болгож орхисон бус уу? Алтан дүрмээ умартлаа гэж амьдрал авгай хилэгнэж байгаа нь энэ байж таарна. Тухайн үед чухам ямар үйл явдал болоод өнгөрснийг нэгэнт уншигчдад ил тод мэдээлсэн Түдэвийн "Нийгмийн ариусал" номноос хуулбарлан авч дахин толиллуулах гэж байна.

Л.Түдэвийн өдрийн тэмдэглэл

1996.7.1-5

1.Сонгуулийн дүн гарч 76 нэр дзвшигчээс 25 нь сонгогдож манай нам цөөнх болов. Ардчилсан намынхан 50 суудал, МУНН нэг суудал /Дашбалбар/ авчээ.

2.Намын Удирдах зөвлөл хэдэнтээ цугларч парламентад сонгогдсон 25 хүнтэйгээ уулзаж, намын бүлгийн даргыг хэнээр сонгохыг санал солилцов. М.Зэнээ хэлэхдээ:
- Багабанди, Жасрай нар даргалах ёс суртахууны эрхгүй, учир нь тэд ая тал харж үлбэгэр ажилласан. Жасрайгийн Засгийн газар ч ажил сайнгүйгээс хоёр ч удаа ялагдал хүлээв гэхчилэн ярьж маргаан, сөргөлдөөн үүсэв.

"Удирдах зөвлөл, Бага хурал огцрох ёстой" гэсэн өргөх бичиг хийсэн Улаан, Ганди, Энхбаяр (Соёлын сайд), Очбадрах (үнэт цаасны хороо урьд Дэжидийн туслах байсан) нар гарын үсэг зурснаа өргөв. Мөн Хүрэлсүх нарын залуус бүлэг байгуулан ,намыг шинэчлэхийн тулд бүгдийг огцруулах ёстой гээд тусгай өрөө авч ажиллаж эхлэв. /намын байранд/. Бас Лантуу, Содной, Самбуу генерал тэргүүтэй ахмадууд мөн тийм үг яриа гарган явах болов.

1996.7.6-16

1.Ардын хувьсгалын 75 жилийн ойн МАХН-ын мэндчилгээ гаргаж баяр наадам эхлэв.

2.Сонгуулийн үеэр ажилласан сонины тайланг гаргаж Удирдах зөвлөлд өгөв.

З.Ээлжийн амралтаа автал намын Бага хурал хийнэ, бэлтгэл ажил хийлц гэв.

4.Сониныг цөөнхи бөгөөд сөрөг намын байр сууринд шилжүүлж дотоод зохион байгуулалтын болон нийтлэлийн бодлогод өөрчлөлт хийх шийдвэр гаргав. "Бодлын солбицол", "Амьдрах ухаан" сониныг цаашдаа гаргахыг зогсоох "Үнэн" сонины гаралтыг цөөлөхөөр шийдэв.

5.Даш-Ёндон дарга чөлөө гуйх өргөдөл өгнө гэж удирдах зөвлөл дээр ярив. Удирдах зөвлөл шийдэх бус Бага хуралд л дамжуулахаас өөр үүрэггүй гэхдээ хариуцуулсан ажлыг эзэнгүй орхих эрхгүй гэцгээв. Мөн тэр өдөр Баасанжав /ХГЗ-ын дарга/, орлогч Ганбаатар нараас хүсч намын цагаан байншнгаа /шинэ/ эзэгнэх гэрчилгээгээ авсан.

6. Үндсэн хуулийн цэц хуралдаж иргэн Ламзавын зарга /УИХ-ын гишүүн нь Засгийн сайд давхар хийх ёсгүй гэсэн/ хэлэлцэж Ламзавын зөв гэсэн шийд гарсан тул Гончигдорж /Бага хурлын/ болон эвсэлийхэн ихэд дургүйцэж, сайд болох боломж алдагдсанд хилэгнэв.

1996.7.17-30

1."МАХН-ын Бага хурал хийлгэхийг" намыг шинэчлэх Хүрэлсүх нарын бүлэг шаардсаар байв. Тэд Бага хуралд 100 хүн нэмж оруулах бас намын Их хуралд мөн 100 хүн шинээр оруулах шаардлага тавьсан. Даш-Ёндон, Энхмандах хоёр тэрэнд нааштай хандахыг чармайв.

2.Намын VII бага хурал болж эхний өдөр Жасрайн Засгийн газар, "Үнэн" сонин хоёр муу ажилласнаас сонгуульд унав гэж Султаан, Шуурав, Батбаатар нар шүүмжлэв.

3.Бага хурлын гишүүд шинээр 100 биш 40 хүн сэлбэснээр Н.Энхбаяр, Энхтүвшин нар гарч ирэв. Удирдах зөвлөл чөлөө гуйв. Миний нэрийг дэвшүүлэхэд нь татаж авав. "Нам ямар байна, сонин тийм байдаг" гэж би хэлэв.

4.Би сөрөг талд "хуучинсаг" гэгддэг байв. Одоо өөрийн намыханд ч тэгж хэлэгддэг болоод эхэллээ. Харин ирэх өвөл онд орохын тулд одоо ээлжийн амралтаа авна. Түүнээ дуусгаж ирээд сониныг шинэчлэх санал бодлоо хэлнэ гэж шинэ сонгогдсон Удирдах зөвлөлд хэлэв.

1996.8.30-9.15

1.Амралтаа дуусах үе рүү шинэ дарга Н.Энхбаяр сураглаж сониныг шинэчлэх санал яарч шаардав. Дэлгэрэнгүй төсөл боловсруулж Удирдах зөвлөлөөр шийдвэрлэж өгөхийг хүсэв.

2.Арав хоног хүлээж чимээгүй байхад нь "Үнэн үү?" гэсэн сонины толгой санаачилж, өөрөө бүх материалыг уншиж бэлтгээд "Данида" хэвлэлээр 4200 хувь хэвлүүлж мянгыг нь худалдаанд гарган, Удирдах зөвлөлийн гшиүүдэд тараав.

3. Тэр дугаар есдүгээр сарын 10-нд буюу Хэлмэгдлийн өдрөөр гарсан юм. Удирдах зөвлөл үдээс өмнөжин хуралдаж үдээс хойш нь Энхбаяр, Энхтүвшин хоёр /шинэ дарга, орлогч нар/ намайг дуудаж Энхбаярын өрөөнд уулзав.

-Та сониныхоо ажлыг өгчих гэж Энхтүвшин хэлэв.
-Өгч болно. Уул нь Бага хурал шийдэх заалттай биз дээ гэв.
-Сониноо намын байгууллагууд сайн захиалуулаадахвал мөнгө өгснөөс ялгаагүй гэж би хэлэв. Мөн амраад эзгүй байх хойгуур маань сонинд шалгалтыг ангийн найз Ганболдоороо хийлгэсэн байна билээ гэж Энхтүвшинд нүүрэн дээр нь хэлээд
-Сониныг өгч болно. Гэхдээ сэтгүүлчийн хувьд, намын нарийн бичгийн даргын хувьд Энхтүвшин сонинг эрхлэхээр авбал би үг дуугүй өгнө. Өөр хүнд, ер нь та хоёр даргын аль нэгэнд бус өөр хүнд бол намын зэвсгийг дүрэм зөрчиж өгөхгүй гэж хэлэв. Тэр хоёр хэсэг дуугүй байхад нь:
-Та хоёрын аль нэг нь ав гэсэнд Энхбаяр их олзуурхаж
-Энхтүвшин чи зөвшөөр гэв. Тэр түр зуур тээнэгэлзсэнээ зөвшөөрөв. Тэгмэгц арын хаалгаараа намайг дагуулан Удирдах зөвлөлийн хурлын өрөөнд оруулав. Тэр өрөөнд удирдах зөвлөлийхөн хурлын ширээнээ суучихсан бэлэн хүлээж байв.
Энхбаяр дарга сая юу гэж шийдсэнээ тайлбарлаж тэдэнд тулган шаардав /шийдэхийг/. Би үг хэлж Энхтүвшин, Энхбаяр хоёр даргын нэгэнд сониныг өгөх гэсний учрыг тайлбарлав.
Удирдах зөвлөл /Даш-Ёндон зөвлөх, Гомбосүрэн, Уламбаяр, Алтай, Баяртсайхан, гээд цөм/ үг дуугүй хэсэг суув. Гэвч Баяртсайхан босч "Энэ хувилбарыг хүлээн авч болох юм" гэв. Тийнхүү бусад нь зөвшиж би
-Намын дүрмээр бол намын төв хэвлэл, Намын түүхийн институт хоёр бол бие даасан статустай. Гэвч Удирдах зөвлөл өөрөө шууд удирдлагаа авч байгаа бол надад санаа зовох юм алга. Би томоохон газрын цэвэрлэгчийн цалинтайгаар, зах зээлийн хүнд жилүүдэд гагцхүү намаа бодож зүтгэж явлаа. Хувиа бодож бизнес хөөсөн бол хоосонгүй байх асан. Гэвч одоо эндэх явахад "Гинжнээсээ өөр алдах юмгүй" шиг байна. Харин тэтгэврийг минь тогтоолгож өгнө биз дээ. Энэ тогтсон хувилбараасаа өөрөөр шийдвэл би харин намын Бага хуралд заргалдах болно гэснээр хурал дуусав.
-Есдүгээр сарын 15-наар цалингаа авсан тул 15-нд ажлаа авна биз. Тэр болтол би хог новшийг нь цэвэрлээд бэлтгээд байя гээд гарч явав.

4. Маргааш өглөөний радиогоор тэдний өгсөн мэдээг яаран уншиж байв. "Өөрийнх нь саналаар" гэсэн үг оруулж бас Энхтүвшинг "түр" хамааруулав гэсэн утгаар мэдээлэв. Уул нь миний биш тэдний хүсэлтээр түр биш бүр өгөхөөр тохирч билээ.
...Төв талбайд цуглаан хийж байхтай замдаа тааралдав. "Хэлмэгдэгсдийн өдөр"-ийг тэмдэглэх цуглаан байжээ. Гэртээ ирэхэд Английн Олон улсын намтар судлалын төвөөс "Men of acheavement" (Амжилтын эзэн) тольд орсны гэрчилгээ "Decree of merit” (Гавъяаны өргөмжлөл) шагнал ирсэн байлаа. Гадаадад өргөмжлөгдөж, дотоодод доромжлогдож байгаа мэт санагдав.

1996.9.16

1. Өглөө Энхтүвшин ирж ажил хүлээлцэв.
а.Сүхбаатарын 2, Хөдөлмөрын гавьяаны 1 одон, үнэмлэх баярын бичгийн хамт
б.Гурван төрлийн тамга, 2 төрлийн тэмдэг, бичгийн нүүр.
в.10 хавтас бичиг хэрэг, 1946 оноос 1996 оных
г.Статистикийн эмхэтгэлүүд 1985-1990 оны
д.Хууль тогтоомжийн эмхтгэл 3 боть
е."Үнэн" сонины 1921 оноос 1990 он хүртэл гарсан бүх дугаарын микрофишид буулгасан хувь, түүнийг унших аппарат
ж.Сансарт Зөвлөлт, Монголын нисгэгчид хамтран нисэхэд "Известия", "Үнэн" хамтран гаргасан тусгай дугаар нэг боодол
з.1938 оны "Ардын эрх" сонины нэг жилийн дугаар (хавтаслан үдсэн)
и.Шинэ барилгын зураг анхны эх (БЗИ-ийн захирал Д.Бат бид хоёрын батлаж гарын үсэг зурсан 1985 оны, мөн "Алтай тредингтэй" хийсэн гэрээ, протокол 10 хуудас, зураг, схем эдгээрийг тусгай үйлдэн 4 хувь хийж гарын үсэг зуралцав.)
Эд аж ахуйн дансаар суудлын шинэ "Волга" машин, барилгын төсвөөс найман сая төгрөг үлдээж өгөв.

2.Сонины орлогч эрхлэгчээр Гэндэнгийн Төртогтох ирэх болсонд түүнийг урьж байлцуулав. Тэрбээр Мишигдоржийг менежер болгох саналтай ажээ.

3.Хамт олныг танилцуулан хүлээлгэн өгөв. (Жа.Пүрэв, Ж.Лхагва, С.Лочин, Х.Ганбат, Ж.Бадамсүрэн, Ш.Бадарч, Н.Наранцэцэг, Л.Дарьсүрэн, Д.Хаянхярваа (жолооч), Я.Даваа, Г.Дамба, Н.Бөхдамбий, Ж.Халданцогт нар хөдөө явсан байв. Эдгээрт намын 75, сонины 75 жилийн баярын далин шагнаснаа гардуулж бяцхан дайлав. Ямар хүсэлтэйг Энхтүвшин асуухад нь долоон том нэг жижиг өрөөнд түрээсээр ажиллах зөвшөөрөл хүсч хамт олон зөвшөөрсөн. Түүнийг хэлэв өөр зүйлгүй. Тэд сониныхоо дэргэд ажиллаж туслаж, зөвлөж байхыг хүсэв. Ямар нэгэн үүрэг хүлээхгүйгээр тусдаа ажиллах санаатайгаа хэлэв. Тийнхүү хамт олонтойгоо салах ёс гүйцэтгэн сониныхоо гэрээс явлаа.

...Хулгана жилээс хулгана жил хүртэл "Үнэн" сонинг эрхлэн гаргаад бүтэн үнэнийг хөөж гүйцэхгүйг ойлгосон минь гол хичээл боллоо.
Хорин настайдаа намын цэрэгт татагдаад зогсоо зайгүй алба хааж байлдааны нь халуун цэг, шугаман дээр гуч гаруй жилийн нүүр үзтэл одоо нэгэнт бууны хараа үзэхээ байжээ, яв гэхэд нь явлаа. Одоо надад ганц нам үлдлээ. Тэр бол Монголын ард түмэн. Түүнд л эцсийн өдрөө хүртэл зүтгэсээр одох болно" гэснээр тэмдэглэл өндөрлөжээ. Гэвч Түдэв сэтгэлээр унаж барьц алдсангүй. Нам сониноо булаагаад авсан боловч тэр өөрөө "Дал" сониноо гаргаад эхэлжээ.

Цочирдсон сэтгэлийн халил

Ар араасаа цуварсан ачаа жингийн хөсөг шиг олон асуулт хариу нэхэн хөвөрч байх шиг ээ. Гэхдээ энд би зөвхөн өөрийнхөө цочирдсон сэтгэлийн халилыг л бичиж сууна. Минийхээр бол энэ халаа сэлгээнээс Монгол Ардын нам хожоогүй, баярлаагүй. Монголын уншигчид хожоогүй, баярлаагүй. Минийхээр бол зөвхөн шүүмжлэл жадлагчид хожсон, баярласан. Ардын намыг дайсагнагчид хожсон, баярласан. Өөр хэн ч хожоогүй, баярлаагүй. Минийхээр бол Монголын уншигчид хохирсон, гутсан. Монголын ардчилал хохирсон, гутсан. Ардын нам хохирсон гутсан.

Намын төв хэвлэл "Үнэн" сонин өөрөө л хамгийн их хохирсон бас хамгийн их гутарсан. Л.Түдэвийг халагдсаны дараах 2000 оны сонгуулиар Ардын нам бараг зуун хувийн ялалт байгуулсан учраас түүнийг зайлуулсан нь зөв байсан мэтээр өөрийгөө зөвтгөх санаа бодол тэр үеийн намын Удирдах зөвлөлийн гишүүдэд төрсөн байж болно. Тэгтэл эдүүгээ мөнөөх ялалт ч ор мөргүй, "Үнэн" сонин ч өөрөө байхгүй болсон гэм нүглийг юугаар цайруулахсан билээ?! Миний бодож байгаагаар 2000 оны амжилт бол Ардын нам сайндаа ялсан бус Ардчилсан нам арчаагүйгээ харуулсан "бэлэг" байсан бус уу? Гэхдээ тэр ялалтыг байгуулахад тухайн үеийн намын байгууллага, гишүүд дэмжигчдийн хийсэн их ажил, намын олон түмний хамтын тэмцлийн үр нөлөөг үгүйсгэхгүй. Адгийн би хүртэл "Монголын үндэсний мэдээ" нэртэй хувийн чөлөөт сонин гарган тэмцэж л явсансан.

 

Үргэлжиллийг ЭНДээс уншина уу