sonin.mn

Эхлэлийг ЭНДээс уншина уу

 

"Үнэн”, Түдэв, Үнэнчүүд гурав

Сайн эрхлэгчийн гараас сайн сэтгүүлчид төрдөг. Сайн сэтгүүлчдийн гараас сайн сонин төрдөг.. Сайн сонины гараас сайн ард түмэн төрдөг. Сайн ард түмний сэтгэлээс сайхан амьдрал цэцэглэдэг. "Үнэн", Түдэв, үнэнчүүд ийм л хорвоогийн төлөө нэгэн жарны тавны нэгийг эзлэх 12 жилийн турш тэмцээд их замын эхний дундаас тийнхүү таслуулсан нь хавьд үгүй харамсалтай учрал байсан. "Үнэн" Түдэв, үнэнчүүд гурав дахиад цааш нь өнөөдрийг хүртэл нэгэн бүтэн жарны тэн хагасыг хамтдаа туулсан ч мэдэхгүй. чадахгүй, болохгүй гэхийн учир шалтгаан үгүй байсан.

Хэрэвхүйеэ тийм амны хишиг байсансан бол ард түмэнд ч, Ардын намд ч, ардчилсан төр засагт ч ач буянаа хайрлах л байсан. Амны хишиг л дутсан байж таарна. Адгийн наад зах нь нэгэн биеийн уруул шүд хоёр шиг эсхүл нэг үхрийн алаг бөөр шиг хоорондоо эвтэй найртай амьдраад явах сэтгэл оюуны бяр тэнхээг тэндээс олзворлон авах байсан ч юмсан уу хэн мэдлээ. "Үнэн", Түдэв, үнэнчүүд гурав зөвхөн бусдын сайн сайхны төлөө тэмцдэг байснаараа яалт ч үгүй бурханлиг байсан. Тэнд амин хувийн ашиг завшааны тухай үнэр ч байгаагүй. Тэр ариун дагшин гэмээр уламжлалыг "Дал" сонин үргэлжлүүлсэн нь их л завшаантй сайн хэрэг болсон гэлтэй.

"Дал" сонины далан гурав, бүтээлийн чуулганы гучин тав, нийлээд 108 судар

Тэрхүү "Дал" гэдэг бол ижилгүй "монгол сэтгэлтэй" сонин. Түүнд хувийн явцуу сонирхол үзээд өгье гэсэн ч байхгүй. Түмэн олонд тус хүргэх гэсэн ганц л зорилго түүнд бий. Тэр бас зөнч мэргэн сонин. Тэр бас ажил хэрэгч сонин. Өнөөг хүртэл 360-аад дугаар гарсан байна билээ. Ботилбол таван дугаар нь өлхөн нэг бүтэн боть судар болно. Чингэхлээр Дал сонин далан хэдэн боть хүрсэн байна. Түүний алгасахгүй уншсан уншигч хорвоогийн үнэний тухай далан хэдэн боть судар уншсан байж таарна. Тийм ихийг уншсан уншигч нийгмийн амьдралыг түлсэн дал шиг мэргэн хардаг болсон байгаа.

Түүнээс гадна Түдэв өөрийн бүтээлийн чуулганы гучин тав дахь ботийг өнгөрсөн онд хэвлүүлсэн. Дараа дараагийнх нь хэвлэгдэж л байгаа байх. "Дал" сониныхоо далан ботьтой нийлэхээр лавтайяа зуун найман боть болох нь ээ. Гурван боть судар нэг кг гэвэл дөчөөд кг ачаа болно. Над шиг хүн бол үүрээд ч даахгүй. Монголд ганцаархнаа ийм их бүтээл туурвиж нийтийн хүртээл болгосон хүн Түдэвээс өөр байгаа юм уу? Сайндаа хорь гучин боть судартай сууж байгаа. Зуу гаруй боть судар ном гаргасан хүн дэлхийн бусад оронд байдаг эсэхийг мэдэхгүй. Бодвоос их л цөөн байх. Түдэв гэдэг тэр хүн ийм л ижилгүй их бүтээлтэй хүн юм билээ.

Түдэв баян хүн

Төрлийн хэлхээнд Лодонгийн Түдэв.
Төрийн дансанд хөдөлмөрийн баатар Түдэв.
Түмний сэтгэлд "Дал"-ын Түдэв.
Миний тооцоонд баян Түдэв.
Түдэв баян баян.
Тэр эрдэм мэдлэгээр баян.
Тэр оюун сэтгэлээр баян.
Тэр, хүний мөсөөр баян.
Тэр судар номоор баян.
Тэр бүтээл туурвилаар баян.
Тэр хань нөхдөөр баян.
Түдэв тиймээс Монголын толгой баян.
Түдэв хувьсгал хийх дуртай нэгэн. "Үнэн" сонинд ирмэгц бөмбөг шиг дэлбэрдэг, сум шиг онодог, шүд шиг хаздаг хурц дайчин нийтлэлийн хувьсгал хийсэн. "Дал" бол түүний шинэ хувьсгал. Ганц хүн бие даасан бүрэн хэмжээний сонин гаргаж болохыг нотолсон хувьсгал. Монголын анхны зөгнөлт сонин байснаараа бас хувьсгал. Зөгнөл гэдэг нь ирээдүйг илүү зохистой сайнаар харж ашиглахыг зөвлөдөг соён гэгээрүүлэх судрын чуулганы шинжтэй сонин болсноороо хувьсгал.

"Үнэн" ба үнэнчүүд нь сарниж үгүй болсон ч "Дал" ба "Дал"-ынТүдэв хоёр нь босоо заяатай гялалзаж л явна. Тэр хоёр Монголд байтугай дэлхийд давтагдашгүй ээ. "Дал", Түдэв хоёр Монголд эдүгээ цагаан, улаан, ногоон, цэнхэр гэсэн дөрвөн тод өнгийн хувьсгал эхлүүлээд явж байгааг "Дал" сонин мэдээлсэн билээ. Хувьсгал гэж нийгэмд хэрэгтэй чанарын шинэчлэл байдаг утгаар хэмжвэл энэ хүн бол монголын оюун сэтгэлгээг шинэчлэгч нэгэн мөн болой. "Дал" сониныг онцолж бүхий завшааныг тохиолдуулан энэ жилийн эхний дугаарт гарсан зөвхөн ганц нийтлэлийг бүрэн эхээр нь хавсралт болгон нийтлэв. Болгооно уу?

"Үгүйсгэшгүй Сүхбаатар"

 Монголын ард түмний үндэсний баатар Ардын журамт цэргийн гарамгай жанжин Монгол Ардын намыг үүсгэн байгуулагч долоогийн нэг, Монгол ардын хувьсгалыг удирдан мандуулж, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн бататгагч харц ард Дамдины хүү Сүхбаатарын гандан бууршгүй гавьяа зүтгэлийг Монголын ард түмэн дээдлэн хүндэтгэж, XX зуунд хөшөө дурсгал, нэрэмжит газар, байгууллага, аймаг сум, хот суурин, их сургууль, хэвлэлийн үйлдвэр, цэргийн анги, нэгтгэл, гудамж талбайг хүртэл түүний гавьяаг мөнхжүүлэн, нэр алдрыг дуурсгах зорилгоор нэрэмжит болгосноор барахгүй төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон" буй болгож, бас олон зуун эцэг үр хүүхэддээ Сүхбаатар гэдэг нэр өгсөн билээ.

Гэтэл сүүлийн 20-оод жилийн дотор Сүхбаатарын нэртэй болгоныг үгүй хийж, эцэст нь нэрэмжит талбайг нь өөрчлөн, бас хамгийн алдартай болж бараг л Монголын тэр тусмаа нийслэлийн таних тэмдэг болтлоо алдаршсан хөшөөг нь хүртэл ад үзэх яриа дэгдээх болов. Гэтэл ийм оролдлого ард түмнийхээ ой ухаан, дурдатгал, түүхэн бичлэгт хуурмагаар биш жинхэнэ ёсоор мөнхрөн үлдсэн сэтгэл бодол, үнэлгээг хэн нэгэн болон нэг хэсэг этгээд арчин үгүйсгэж чаддаггүйг ойлгох тэнхээ дутсаных, нөгөө талаар муулах тус улам алдарших хэрэг явдал, хувь хүн байдгийг ойлгодоггүйчүүд нь ийм араншин дэврээжээ.

Нэгд, эхлээд сургууль, хүүхдийн байгууллагуудаас Сүхбаатарын нэрийг авч хаясан. Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургууль ийм араншин гаргаснаар тэр сургуулийн удирдлага нам буюу Молнгол ардын намыг үүсгэн байгуулагчийн нэгний нэрээс цэрвэсэн үйлдэл болсон. Дараа нь пионер багачуудаас "Сүхбаатарын нэрэмжит пионерын байгууллага" гэдэг бахархалт нэрийг нь таягдаж, хэн ч үл ойлгох, Монголд огт хамаагүй "скаут" ч гэнэ үү, "жембори" ч гэнэ үү нэг ийм хаягтай болгосон. Мэдээж хүүхдүүд биш үүхдүүд л ийм санаа өгсөн биз.

Хоёрт, 1918 онд байгуулагдсан / Монгол Улс автономио устгуулахаас өмнөхөн/ орчин үеийн анхны гэх Хэвлэх үйлдвэрээ устгаж, "Д.Сүхбаатар энд ажиллаж байлаа" гэдгийг илтгэсэн гантиг чулуун шигтгээтэй үйлдвэрийн барилгыг нь балгас болгосон. Гэтэл тэр үйлдвэрийн ууган үсэг өрөгчдийн нэг нь тэр үедээ улс орныхоо үндэсний хувьсгалаар сэргэн мандах үйлст хувь нэмэр оруулснаар үнэлүүлж, 1913 онд V зэрэг жинс, тогос отгоор, 1915 онд IV зэрэг жинс, тогос отгоор, 1917 онд III зэрэг жинс, тогос отгоор шагнуулан эгэл ард мөртлөө "бэйс" хэргэм хүртээд байсан Дамдины Сүхбаатар Богд Хант Монгол Улсын төрийн томилолтоор тэнд ажиллаж эхэлсэн байхаар барахгүй "Монгол Улсын хууль зүйлийн бичиг" есөн ботийг анх үсэг өрж хэвлүүлэхэд хүчин зүтгэсэн гавьяатай байлаа.

Тэр чухал ажилд хүчин зүтгэснийг нь үнэлж "Хууль бичгийг дармал дарсан ба шастир бичсэн... Бэйс Доржжавын хошууны III зэрэг тогосын отгот" Сүхбаатар үүнээс нэгэн зэрэг дэвшүүлэх гэж онцлон тэмдэглэгдсэн гавьяатан байв. Тийм үйлс бүтээгдэж байсан түүхэн хэвлэх үйлдвэрийг ардчиллын нэр баригчид үрэн таран болгоод зогсоогүй байшин барилгыг нь өмчлөн авахаар хуйвалдаан зохиож, түүнд нь улсын Ерөнхийлөгч, бас бичиг соёлын зүтгэлтэн биечлэн оролцоод уг барилгыг засч авах нэрийдлээр балгас болгож хаяад наагуур нь самбар тавин халхлахад хүрчээ.

Тэр барилга Улаанбаатар хотын түүхэнд үлдэх ёстой дурсгалт барилга бөгөөд Германы инженер Дебель зураг төслийг гардаж 1900-аад оны барууны барилгын дүр төрх оруулан хийсэн цорын ганц байшин байсан юм. Удирдагчдын нэрийг хусахын хамт бас нийслэл хот өөрийн түүхийн хуудсыг ч тасдан хаясан хэрэг бөгөөд нийслэлийн удирдагчид ч тасар татахад өөрснөө оролцсон нь шившигтэй. Тэр барилгын зураг төслийг хийсэн Дебель инженерийг бас тэр дээр цагт "Хоёрдугаар давхрыг нь хүнд машин механизм тавихад нурахаар хийсэн" гэж хэлмэгдүүлэн шоронд хорьсон гашуун түүх ч буй юм.

Гуравт, Засгийн ордны үүдэнд Сүхбаатар, Чойбалсангийн бунхан гэж байгуулаад дотор нь хоёр удирдагчийнхаа шарилт авсыг байрлуулж, дээр нь шинэ үеийн дарга нар баяр ёслолын үеэр гарч зогсоод жагсаалаар өмнүүр нь өнгөрөх хөдөлмөрчдөд гар даллан баяр хүргэж, уриа хашгирдаг болж билээ. Энэ бүх үзүүлэлтээрээ Монгол биш харийн тэр тусмаа Оросын араншинг яг хуулсан дуураймал зүйл байлаа. Оросууд Улаан талбай дээрээ иймэрхүү бунхан байгуулж дотор нь эхлээд Ленин, дараа нь Сталин хоёрын занданшуулсан бунхан байрлуулж, бунхны гадаад, дээд тал дээр нь удирдагч нар нь зогсоод, баяр ёслолын жагсаал урдуураа өнгөрүүлдэг болсныг яг хуулбарлан ийнхүү Монголд "ихэрлүүлсэн" юм.

Бодвол хүргэн Цэдэнбалаараа дамжуулан орос ах нар маань зөвлөө биз дээ. Яг үүнийгээ Вьетнам, Болгарь, Югославд бас хэрэгжүүлсэн юм. Монголчууд өөд болсон хүнийхээ шарил дээр гарч зогсдоггүй, булш бунхныг. нь хөнддөггүй, ясыг нь өндөлзүүлдэггүй байсан билээ. Гэвч энэ удаа үндэснийхээ баатар Сүхбаатар, Чойбалсан нарынхаа ясыг хэдэнтээ өндөлзүүлэхэд хүрсэн нь үнэндээ "муу ёр" байлаа. Сүхбаатар, Чойбалсангийн бунхныг төр засгийн ордноосоо холдуулан, Алтан өлгийд ахин оршуулсан нь харин олны сэтгэлд нийцсэн байж магадгүй.

Дөрөвд, Сүхбаатарын талбай гэж аль олон жилийн туршид ард түмний ой ухаанд үе дамжин хоногшсон талбайн нэрийг нийслэлийн нэгдүгээр дөчин мянгатад төрж өссөн хөвгүүн Бат-Үүл хотын захирагч болмогц өөрчлөн "Чингис хааны талбай" гэж нэрлэх шийдвэр гарган, хүчээр түрий барив. Гэтэл энэ талбайн тухайд их жанжин Сүхбаатарын ганц хүү, цэргийн зүтгэлтэн С.Галсан хорвоог орхихоосоо өмнөхөн дурдатгал яриа хэвлэлийнхэнд өгсөн билээ. Сүхбаатарын Галсан гуай ярихдаа "энэ талбай дээр босгохыг / хөшөө/ Чойбалсан санаачлан олон партизан цуглуулан /цөм амьд байсан/, хаана тэд анх ирснийг асуугаад "Яг энд" зүүн хойш хараад зогссон ухаа хонгор морь нь газар цавчлан янцгаасан" гэдэг. Тэгдэг морь байсан. Тэр ёсоор босгосон гэж ярьжээ.

Сүхбаатарын Галсан гуай цааш нь ярихдаа /итгэмээргүй зүйл/ "Сүх-Эрдэнэ /Сүхбаатарын өргөмөл охин Нарангаас төрсөн хүүхэд/ Улсын банкинд байхдаа МАХН-д элсээд орлогчийн хугацаа дуусахад нь жинхлэх болоход "Би ийм намд элсэхгүй" гээд гарсан /Сүхбаатарын талбай дээр болсон ардчиллын гэх цуглаан дээр батлахаа урж хаясан/. Би түүнээс хойш ач хүүтэйгээ мэндлэхээ больсон. Сүүлд нэг удаа согтуу орж ирээд "Илүү юм донгосч байж Сүхбаатарынхаа хөшөөг устгуулчихуузай" гэсэн. Тэр нь санаж явдаг үгээ хэлсэн байж ч мэднэ. Одоо болтол хөшөөг нь хүрэл болгох гэсэн бүтээгээгүй л байна.

Бас "Үг" сонинд хөшөөг зайлуулан Тасганы овоо юмуу Хужирбуланд аваачин, оронд нь Чингисийн хөшөөг босгох янзтай юм бичсэн. Тэр "Үг" сонин иш мухаргүй бичээгүй биз. Ер нь хөшөөний ажил явахгүй байгаа нь П.Очирбат даргатай холбоотой гэж би боддог. Хүрэл болгох гэхээр мөнгөгүй гэдэг. Тэгсэн атлаа Чингисийн хөшөө, эсвэл Жанрайсиг босгоход хэдэн саяар нь төгрөг өгдөг юм байна" гэж ярьсан нь 1993 онд "Үнэн" болон бусад хэвлэлд гарсан билээ. / Шинэ зуунд Сүхбаатар, Чойбалсангийн хөшөөг хүрэл цутгамал болгосон бөгөөд тэр тэр байрандаа сүндэрлэж буй./

Тавд, Жанжин Сүхбаатарын хөрөг Монгол Улсын мөнгөн тэмдэгт дээр зурагдан үлдсэн боловч бага дэвсгэрт рүү шилжүүлж том дэвсгэртэд нь Чингисийн хөрөг байрлуулсан юм. Ер нь Чингис хааны хөрөг зураг /жинхэнэ нь мөн эсэх, Хархусаны зурсан хөрөг мөн эсэх/ монгол төгрөгт шилжээд зогсохгүй их эзний нэр барьсан завшигчдад Сүхбаатар жанжныхаас илүү "ашиглагддаг" болсон нь гайхмаар.Их хүний нэр "завшигчид" буй болж, нисэх буудал, их сургуулиудаас эхлээд академи /улсын статус ч үгүй/ хүртэл Чингисийн нэрэмжит болсноор барахгүй, ард түмний нэлээд хэсгийг бүхэл бүтэн давхрагыг хордуулагч архийг хүртэл Чингисийн нэрээр нэрлэн ашиг хонжоо хайгчид бий болсон нь ичгүүртэй билээ.

Дэлхийн талыг захиран нэгтгэж чадсан "Мянганы хүн" Чингис хаанаараа хүн арддаа "хор болсон" ус, спиртний хольц "архийг" нэрлэж хөрөг зургийг шилэн дээр нь нааж, тэр шилүүдийг нь хоослогчид хог дээр хаях болтлоо доройтсон байдлыг төрийн эрх баригчид хорих нь бүү хэл өөгшүүлж байх нь доройтлын илрэл юм. Харин "Сүхбаатар" гэдэг нэрээр архи гаргаагүй нь яамай. Жич: Дурсгалыг нь мөнхжүүлэх сэдвээр бүр 2000 оны эхээр нийтлэл бичсэн билээ." гэжээ. "Дал" гэж ингэж л үнэнийг үнэнээр нь дуулдаг цэц мэргэн үгтэй үнэний дуучин. Түдэв гэж үнэний дуу хоолойг ингэж л хөглөдөг "дал"-чин билээ.

Aз хийморийн долоон жил

Ингэж нэрлэвээс зохилтой долоон жил миний амьдралд тохиолдож өнгөрсөн. "Үнэн" сонины ерөнхий эрхлэгч нь Л.Түдэв байлаа. Түүний орлогч нь миний бие. Долоон жил энэ хүн миний дарга явлаа. Долоон жил миний бие түүний цэрэг нь явлаа. Азтай хүн гэж намайг л хэлнэ. Би үнэхээр азтай хүн. Энэ долоон жил Лодонгийн Түдэв хэмээх их хүний халамж дэмжлэгээр сэтгүүлчийн мэргэжилд шамдан суралцсан. Үнэнийг хэлэхэд сэтгүүлчийн хувьд тэр хүн миний хажуу дахь шижир нь байлаа. Би түүний дэргэд гууль л байсан.

Хамт ажиллахгүй болсноос хойш түүний бичсэн нийтлэл нь надад багшилж байлаа. Одоо ч бас багшилсаар л байна. Ялангуяа "Нью Йорк урт чацтай хот" тэмдэглэл, "Хүч тэнцүүгийн бахархал" хөрөг, "Хурд нэмэх жам" эссе зэргийг онцлон нэрлэмээр байна. Гэвч би түүний хэмжээнд бичиж чаддаггүй. Түдэв шиг бичье гэвэл асар их мэддэг, хол ойрын олон сонин баримт, хосгүй уран чадвар хэрэгтэй. Тэр гурав нь надад дутдаг. Нэг үгээр хэлбэл би тэр хүний дэргэд сул хараатай, шулга хэлтэй, доголон хөлтэй юм шиг л санагдаад байдаг.

Донжийг нь олсон уран зохиомж, ончтой мэргэн үг хэллэг, сэтгэл зүрхэнд шигддэг содон гарчиг, санаанаас гарамгүй сонин шигтгээ зэрэг нь түүний сэтгүүл зүйн бүх бүтээлийг бусдынхаас ялгаруулж байдаг. Ерөнхийдөө бол хамгийн эгэл жирийн зүйлээс ч ер бишийн гүнзгий утга санаа нээж чаддаг учраас түүний бичсэн бүхэн нь хүний сонирхлыг соронздох номч мэргэн увидастай байдаг байх. Түдэвийн анхааралд нэгэнтээ өртөж, үзэгний үзүүрт торсон л бол мод чулуу, шавар шороо, ус цас гээд ер юухан ч байсан гэнэтхэн амь орчихоод уншигчидтай ном хаялцан цэц булаалдах "эрдэмтэн" болчихдог юм. Үнэхээр тэр ийм их ухаантай, асар их мэдлэгтэй гэхээс гадна оюун сэтгэлгээний чадамжаараа дэлхийн оргил зуун хүний нэгээр шалгарсан Монголын ганц нь Лодонгийн Түдэв хэмээх энэ хүн мөн билээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн  Х.Цэвлээ