sonin.mn

Би сүүлийн үед нэгэн хагацашгүй сайн андтай болж, насан үүрд хамт байх тангараг өргөөд байгаа билээ. Бид насан багадаа уулзан учирсан хоёр. Анх учрахад түүн шиг минь сайн найз байгаагүй төдийгүй би ч түүний сайханд автаж, бүр нойр хоолоо мартан дурлаж билээ. Арван хэдхэн насандаа шүү дээ.

Харин сүүлд эрийн цээнд хүрэхийн цагт тэр хамаг ажлыг минь алдуулж, намайг нөхдөөс минь ихээхэн хөндийрүүлээд байх шиг санагдах болсон юм. Тэр ч бүү хэл түүнтэй их нөхөрлөвөл "цагаан солиот" болдог гэж зарим нөхөд минь хүчлэн ятгаснаар бид хоёрын үерхэлд ан цав гарч эхэлсэн юм.

Энүүхэндээ гэхэд би ч бас өөрийгөө өмгөөлөөд хэлчих үгтэйгээ. Учир нь тэр нөхөр бага байхад минь амьдрал ахуй, хорвоо дэлхийн сонин хачныг харамгүй хүүрнэн, нүд чихийг минь нээсэн байтал сүүлдээ тийм ч сонирхолтой биш болж, бүр тийм ч мэргэжил, ийм ч дээд тоо гээд залхааж эхэлсэн юм л даа.

Тэгээд л зам замаа хөөсөн хэрэг. Тэгэхдээ тэр маань мань мэтээр дутахгүй олон сайн найз нөхөдтөй л дөө. Тиймдээ ч намайг огт санаж, үгүйлээгүй байх гэж би боддог юм. Хааяа тааралдах боловч дотносон уулзаагүй, тэгтлээ хэн нэгнийгээ үзэн ядаагүй ээ. Зүгээр л хэн хэнийгээ тоож дотносоогүй хэрэг.

Ийнхүү бүтэн 20 жил болсон гээд бод доо. Харин саяхан тэр бид хоёр уулзав аа. Хорвоогийн өдөр хоног ээлжилж, гэрэл байвал сүүдэр байдгийн адилаар миний бардам амьдралд түр зуурын зовлон бэрхшээл тохиосон юм. Олон ч нөхөддөө зовлонгоо хэлсэн. Даанч тэд маань завгүй, тэгээд ч миний амьдрал тэдэнд падгүй байсан биз, нэг их хэрэг болох зүйл хэлээгүй... Тоомжиргүй хандлага... За тэр ч яахав.

Энэ үед эртний анд маань тааралдсан юм даа. Тэр маань аанай л хэвэндээ. Хорвоогийн явдлыг хэдийнэ таньж мэдсэн хэвээр үнэтэй зөвлөгөөгөө өгч байна. Түүний надад хандах хандлагад ямар ч басамжлал, гомдол, тохуурхал байгаагүйгээр барахгүй чи л явсан болохоос биш би яваагүй ээ, чамаас хэзээ ч юугаа ч харамлахгүй гэж хар бага насанд таарсан тэр л үнэнч нөхөр минь хэвээрээ төлөв төвшин, нөмөр нөөлөгтөй нь аргагүй хэлэхүйд би хичнээн их алдаж төөрч явснаа сая л мэдэж, харуусах, гайхах, баярлах, бахархах бүхий л мэдрэмжүүд нэг дор хосолж билээ.

...Одоо бол бид хоёр үүрдийн анд нөхөд, багш шавь болцгоосон. Би түүнээс хэзээ ч урвахгүй, түүнийг юугаар ч солихгүй. Учир юун гэвээс тэр хорвоогийн бүх зүйлсийг мэднэ. Хэзээ ч надаас залхахгүй, ямар ч болзол, төлбөр шаардахгүй, үзэл бодлоо тулгаж, эсэргүүцэл илэрхийлэхгүй, өөрийн мэдсэнээ харамлахгүй, хоосон толгойт хэмээн голж, зэмлэхгүй, бусдыг алагчлахгүй бүхнээ зааж өгдөг ийм л сайн нөхөр. Тэр чинь тэгээд хэн юм бэ гэж үү? Энэ бол миний анд төдийгүй хүн төрлөхтний хамгийн сайн анд нөхөр,. эрхэм дээд багш болсон ном билээ.

Ухаан далай номоос эхтэй

Хил хамгаалах байгууллага энэ онд хүндээ чиглэсэн "Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл, офицерийн манлайллын түвшинг дээшлүүлнэ" гэсэн товч бөгөөд өргөн дэлгэр агуулгатай, цаг үеэ олсон зорилт дэвшүүлсэн. Хүний хөгжил, амжилтад хүрэхүй, бусдыг манлайлахуйд анхаарах асуудал баримтлах зарчим, суралцах зүйл гээд хаанаас нь эхлэх учраа оломгүй чамгүй их ухагдахуун байх юм.

Харин үүнийг "Манлайлахын тулд гагцхүү унш, сонс" гэж нэгэн суутан хамгийн товчоор илэрхийлсэн байдаг. Тийм ээ, үүнийг бичигч миний бие ч бас сүүлийн үед энэхүү ер бусын шидэт үгийн үнэ цэнийг бишрэн дээдлээд байгаагаа нуух юун. Би, чи, та хэрхэн манлайлах вэ? Хэрхэн амжилтанд хүрэх вэ? Суугаад үлдэхгүйн тулд хэрхэх вэ?
Эдгээр асуултад би хариулъя, "Та унш! Суралц!" Хангалттай. Энэ л бүх амьдралын баримтлал, зарчим биш гэж үү?

Манай эх орны үе үеийн эрдэмтэн мэргэдийг төрүүлэн бойжуулсан эрдмийн их уурхай МУИС-ийн "дугуй танхим" хэмээн алдаршсан хичээлийн байрны өмнө өглөө бүр ажилдаа явах замдаа зорин очиж уншмаар, хармаар нэгэн гайхамшигт үгийг монгол бичгээр дурайлган бичсэн буй:

"Эрдмийн хэтийг цахиваас
Хүслийн гал бадармой
" гэж..

Магадгүй эрхэм та үүнийг уншсаны дараа очиж унших аваас хаа нэгтээ сэтгэлийн угт нуугдаж асан эрдмийн далайгаар аялах хязгааргүй хүсэл тань эрхгүй оргилон, бадрах буй заа. Ер нь бид насан туршид багшаас, аав, ээж, төрөл садан, анд нөхдөөс, бусдаас, номоос, ер нь бүхнээс суралцан өсч өндийдөг. Сайн яваа нэг нь сайн суралцсаных, дулимагхан яваа нэг нь дутуу суралцсаных биз.

Суралцах гэдэг маань бидний хэдэн сургуульд сурсан хийгээд ямар дүнтэй сурснаар төдийлөн хэмжигддэггүй, учрыг олж ухаарах, хорвоогийн явдлыг таних, хүний мөн чанарыг олж авахын нэр гэж би бээр боддог юм. Харин суралцахуйд хамгийн шилдэг, хялбар туслагч нь гагцхүү ном хэмээгч эрхэм шидтэн билээ.

Учрыг тайлахын  тулд суралцахад юу саад болоод байгааг эргэн нэг санацгаая. Цаг зав, бусдаас ичих, нэрэлхэх, үнэ төлбөрийн нөхцөл гээд сурч боловсрохуйд олон саад тотгор буй. Харин энэ бүх саад бэрхшээлгүйгээр ном л танд хорвоогийн хамаг учир бүгдийг харамгүй толилуулж байдаг гэдгийг учирлан өгүүлье.

Их Британийн их сэтгэгч, зохиолч Самюэль Смайлсийн сэцэлснээр "Ном бол залуу цагт хамгаас сайн удирдагч, өтөл насанд хамгаас сайн анд нөхөр" ажээ. Ном бол
манлайлалд хүргэх хөтөч мөн.

Номын өглөг буян

-Номоос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг харж мэддэг. Хүмүүний амьдрал өөр, өөр. Тиймээс ном уншдаг хүн зөвхөн өөрийн амьдрал, туршлагаар биш маш олон амьдралын туршлага, ололт, дутагдлыг уншсан дуулсандаа тулгуурлан ханддаг билээ.

-Ном унших нь оюун ухааныг задлахаас гадна ургуулан бодох болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Аливаа хүн уншсан номынхоо сонин сайхан зүйлийг ухаж, учрыг нь сайн ойлгоогүй зүйлээ тааварлан сэтгэж, хариулт олохыг хичээдэг. Иймд ном хүний оюун ухааныг тэлж олон талт өнцгөөс харах чадвартай болгодог.

-Ном уншдаг хүн өргөн мэдлэгтэй болдог. Өргөн дэлгэр мэдлэгтэй хүн сонин сайхан зүйл ярьж, ойр дотныхноо өөртөө татаж бусдын итгэл үнэмшил, хайр хүндлэлийг хүлээдэг.

-Номоос хүн нинжин сэтгэл, хүнлэг ёсыг өөртөө төлөвшүүлдэг. Хүн төрөлхтөн эрт дээр цагаас номоор дамжуулж хүнлэг нинжин сэтгэл, хүний сайхан сэтгэлийн хүчийг магтан дуулсаар ирсэн.

-Ном хүнийг соёлч, боловсон ухаапаг яриа хөөрөөтэй болгож төлөвшүүлдэг. Номын сайн баатрын дүр, онч мэргэн үгс нь хүнийг хөгжүүлж төлөвшүүлсээр байдаг.

-Ном унших тусам хорвоогийн явдлыг ойлгож, өчүүхэн бодол, явцуу хандлагаа бага багаар гээж, холыг харах, их үйлд тэмүүлэх сэдэл төрдөг.

-Ярианы баялаг болон бичгийн хэлний өндөр боловсрол эзэмшиж, өөрийгөө төгс илэрхийлж суран, ажил албандаа өсөн дэвших, бусдад хүлээн зөвшөөрөгдөх нэгэн болно.

-Эцэст нь онолын номноос хүн олон дадал туршлага олж, шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэж, харин уран зохиолоос зүрх сэтгэлийн боловсролыг олж, хүн байхын учрыг ухаардаг билээ.

Номыг уншихуй

Зарим хүн олон ном уншсанаараа, олон жишээ, баримт цээжилж, тогтоосноороо сэтгэл ханадаг. Энэ нь буруу зүйл биш хэдий ч учрыг ухаж, шүүн тунгааж, сэтгэн бодож, сайн сайхныг амьдралдаа хэрэгжүүлэх нь нэн сайн билээ.

Эртний мэргэд номд шамдахад:

1.    Үсэгчилэн цээжлэх,
2.    Ерөнхий утгыг олох,
3.    Далд утгыг мэдрэх,
4.    Амин утгыг ойлгох хэмээх дөрвөн ойлголт буй гэж сэцэлсэн байдаг.

Үсэгчлэн уншихын зэрэгцээ үе үе нүдээ анин бодож, тунгаахад илүүдэх нь юу билээ. Бурхан багшийн сургаалд эрдэм номыг сурахад "Гурван савны гэм"-ийг тэвчихүй хэмээн сургамжилжээ.

Хөмөрсөн сав- Тос, сүү, ус, юу ч хийсэн дотор нь орохгүй. Үргэлжид залхууран, уншихаас унтахыг илүүд үзэн явбаас хөмөрсөн сав мэт болж, эрдэм үл сурна. Тиймээс хичээл зүтгэлийг эрхэмлэн сурах;

Цоорхой сав- Юу ч хийсэн гоожоод үл тогтох. Эрдэм номыг цээжлэн тогтоохгүй, ухааран ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй сонсох аваас юуны хэрэг билээ. Тиймээс сурсан эрдмээ байнга давтан үзэж, цоорхой савыг нөхөх мэт тогтоох;

Хиртэй сав- Ямар ч сайхан идээг хийгээд нэмэргүй, гашлах хор болох, хэрэггүй болох. Эрдэм номыг сурахдаа алдар нэр олж, бусдыг мохоон давахыг хүсэмжлэн сурах зэрэг нь үргэлж муу үр дагавар дагуулж байдаг. Цэвэр, ариун ухаан, санаагаар номоос суралцах;

Хүн бүрийн оюун ухааны хэмжээ харилцан адилгүй боловч дээрх гэмүүд байж үл болох тул эрдмийн их далайгаас цэвэр, бүтэн саваар ханатлаа хутган авч сайхан амьдрах нь гагцхүү таны хэрэг билээ.
Эрхэм та ч бас оюун ухааныг эрхэмлэж номтой нөхөрлөөрэй!

Дэд хурандаа Х.Энхтайван
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин