sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа

Манай сургууль болон боловсролын системд 55 жил тасралтгүй ажиллаад тэтгэвэртээ суусан Дуламжав багшийгаа бид "Хөдөлмөрийн баатар" гэдэг эрхэм цолонд нэрийг нь дэвшүүлж хот, дүүрэг боловсролын хамгийн дээд байгууллагадаа, сайд түшмэдэд удаа дараа тодорхойлолт бичиг цаас холбогдох бүх материалыг бүрдүүлэн явуулсан боловч тэрхүү баатрын эрхэм шагнал өгөгдсөнгүй.

Учир нь манай ахмад багш Зоригтын Дуламжав шиг бага ангийн багшаар 55 жил ажиллахдаа бүх үзүүлэлт болзол, шалгалтад 100 хувийн амжилт үзүүлж энэ олон жил шалгарсан багш, сурган хүмүүжүүлэгч бараг үгүй биз ээ.

З.Дуламжав нь 1952-1955 онд "Багшийн сургууль"-д суралцаж төгссөнөөс хойш 1955-1967 онд Булган сумын дунд сургууль, 1967-1981 онд Улаанбаатар хотын 31 дүгээр сургууль, 1981-2006 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуульд бага ангийн багшаар үр бүтээлтэй ажиллаж байгаад 2006 онд гавьяаныхаа амралтанд гарсан юм.

Багш маань өөрийн амьдралын 55 жилийг эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө зориулахдаа ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд өөрийнхөө бүх л ур чадвар, сэтгэл оюунаа зориулж чадсан гайхалтай ажилч хөдөлмөрч ахмад юм.

Тэрээр 55 жил ажиллах хугацаандаа нийт 8000 орчим хүүхдэд бичиг үсэг анхлан зааж бага боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ улс орны хөгжил дорой, боловсон хүчин дутагдалтай байх үед сүүн заводын саальчин эмэгтэйчүүдэд бичиг үсэг заах, тэдний ахуй соёлыг сайжруулахад ихээхэн чармайн ажиллаж байлаа.

Иймд бидний үлгэр дуурайл болсон ийм хүнийг төрийн хамгийн дээд шагналаар шагнах нь зүйд нийцсэн хэрэг гэж үзэж байгаа тул төрийн тэргүүн Ерөнхийлөгч тандаа хандаж байна.

16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал болон нийт багш ажилчид, шавь нар нь.