sonin.mn

Найман мянганы тэртээгээс улбаатай буриад зон олны дундаршгүй түүх соёл, яндашгүй баялаг өнөө бидний үед уламжлагдан ирсэн. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна.

Олон мянган жил уламжлалт зан үйл, өв соёлоо түүчээлэн тээж ирсэн, ажилч хичээнгүй буриад зон олны “Алтаргана” наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд эхэлж, эдгээр нутаг орноос 2000 гаруй төлөөлөгч “Алтаргана” наадамд оролцож байна.

Өв соёлоороо бахархаж, үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон буриад зон олны урлаг, спортын “Алтаргана” наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Хэнтий нутгийн хойморь болсон Дадал сумаас 1994 онд гараагаа эхэлсэн “Алтаргана” наадам 20 жилийн дараа тоонот нутагтаа зохиогдож байна. Уламжлалт энэ наадмыг энэ жилээс Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.



Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулсан. Монголчууд бид баялаг түүхтэй, өв соёлтой, урлаг спортын өндөр амжилт гаргаж чадах ард түмэн юм. Буриад зоны 20 жилийн өмнөөс зохион байгуулсан урлаг, соёл, спортын энэ наадам Засгийн газрын анхаарлын гадна үлдэх учиргүй гэлээ.

“Алтаргана” наадмын үеэр урлаг, спортын 13 төрлийн тэмцээн уралдаан болж байна. Тэмцээн уралдаан тус бүрийн цаана Монголын, буриад зон олны түүх соёл уламжлал байж, өдрөөс өдөрт түүх нь зузаарч байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлүүдийг хадгалж хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилготой “Алтаргана” наадам  анхны шангаа татсан түүхт газартаа 20 жилийн дараа ирэхдээ олон улсын хэмжээний том баяр, наадам болтлоо өргөжин тэлээд ирж байна.

Байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэн төгс, Эзэн Чингисийн өлгий нутагт олон зочин төлөөлөгч хуран чуулсанд Хэнтий нутгийнхан баяртай байна гэж Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.