sonin.mn

СӨҮЛ. /etoday/. Шинэ төрсөн хүүхдийн хонгон дээрх хөх толбыг солонгосчууд “Монгол толбо” гэж нэрлэдэг. Үр хүүхэд удам угсааг хамгаалагч бурхан хүүхдийг хорвоод төрүүлэх гэж хонгон дээр нь алгадан илгээснээс болж хөхөрдөг хэмээх ардын яриа байдаг.

Харин орчин цагийн анагаах ухаанд уг толбыг Зүүн Азийн хүмүүст ихэвчлэн тохиолдох Меланоцит буюу хүний арьсны өнгөний эсийн (pigment cell) бөөгнөрөл арьсны гадна талд харагдах тохиолдол гэж тайлбарладаг.

Хоёр нас хүртэлх хүүхдийн хонгон дээрх “Монгол толбо” тод хөх байдаг ба түүнээс хойш аажмаар бүдгэрсээр 11-12 настай болох үед бараг харагдахаа больдог байна. Солонгос хүүхдийн 90 гаруй хувь нь “Монгол толбо”-той төрдөг ба Европчуудын таван хувьд уг толбо ажиглагддаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг.

Уг хөх толбыг чухам яагаад “Монгол толбо” гэж нэрлэх болсон талаар гайхах хүмүүс цөөнгүй байдаг. Магадгүй солонгосчууд Монголоос гаралтай учраас тэгж нэрлэдэг байж ч болох юм.

Түүнчлэн уг толбо Ази хүмүүст ихэвчлэн ажиглагддаг учир европчууд Ази хүмүүсийг нийтэд нь монголчууд гэж нэрлэж байгаад сүүлдээ ази хүүхдийн хонгон дээрх хөх толбыг “Монгол” гэж нэрлэх болсон гэх тайлбар ч байдаг.

Манай эмнэлэгт энэ оны дөрөвдүгээр сараас долдугаар сарын дунд үеийг хүртэл Монголын дөрвөн эмч туршлага судлан ажилласан юм. Тэднийг гаднаас нь харвал солонгос хүнээс ялгагдахгүй адилхан. Тэд туршлага судлах ажлаа амжилттай дуусгаад нутаг буцсан. Харин би тэдний гар утасны дугаарыг тэмдэглэж үлдээгүйдээ харамсаж билээ.

Харин одоо би Монголд ирээд байна. Гэтэл нөгөө монгол эмч нар маань намайг Монголд ирж байгааг минь хаанаас ч юм дуулаад онгоцны буудал дээр тосон уулзаж, хэдэн хоногийн турш надтай хамт байж ямар нэг байдлаар туслах гэж хичээж байна. Миний хувьд Монголын талаар үнэндээ хангалттай сайхан сэтгэгдэлтэй үлдэж байна.

Би Монголд эмнэлгийн дэвшилтэт технологийн талаар зааж сургахаар ирсэн боловч, энэ боломжийг ашиглан өнөөх учир нь олддоггүй “Монгол толбо”-ны уг гарлын талаар олж мэдэхийг хүсэж байна. Монголд долдугаар сард Наадам хэмээх баяр болж тав хоног үргэлжилдэг.

Наадмаар монголчууд бөх барилдаж, морь уралдуулан, сур харван эрийн гурван наадмаа зохион байгуулж, хүч зоригтой аваргаа тодруулж наадан цэнгэдэг. Наадмаар морио айрагдуулсан нэгэн айлд зочлох завшаан надад тохиосон юм.

Тус айлд ороход олон жилийн өмнөөс морь уралдуулан амжилт гаргаж байсныг илтгэх хэдэн арван шагнал, медалиа ханандаа зүүсэн байлаа. Медалийн тоо олон байх тусам бусдад хүндтэй уяач гэр бүл хэмээн хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд энэ нь нэг ёсны Чингис хааны үр хойчийн бахархал гэлтэй.

Өнөөгийн хорвоо ертөнц танигдахын аргагүй өөрчлөгдөж байгаа билээ. Монгол ч мөн өөрчлөгдөж, тэнд өрнийн соёл дэлгэрч, өндөр байшингууд сүндэрлэн хотжиж байна. Үүнийг дагаад монголчуудын үндэсний ёс заншил ч мөн өөрчлөгдөх нь мэдээж.

Харин одоогийн монголчуудыг харахад “Монгол толбо” гэдэг өрнө дахинд мэдрэх боломжгүй, дорнын хүний сэтгэлгээний “дотно” онцлог юм болов уу гэдэг сэтгэл надад төрлөө гэж БНСУ-ын Жүсог эмнэлгийн захирал эмч Ю Жү Сог бичжээ. /2014.07.15/

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг