sonin.mn

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Ялалтын дөл" залуучуудын 4 дэх удаагийн тойрон аялал ирэх 8-р сарын 22-30 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас, Монгол Улсын Дорнод аймгийн Халх гол сум хүртэл нийт 5500 км замыг туулах юм.

Аялалд Орос, Монголоос тус бүр 75 залуу оролцох бөгөөд Монголын талаас оролцох 75 залуучуудыг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна.

"Ялалтын дөл" тойрон аялал нь хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох, 1939 оны Халх голын дайнд амь үрэгдсэн монгол-зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хөшөө дурсгалыг сэргээх, залуучуудын эх оронч үзлийг бэхжүүлэх зорилготой аж.  

Уг тойрон аяллыг 2004, 2005 ба 2009 онуудад тус тус зохион байгуулж байсан бөгөөд 2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 залуучуудын бүрэлдэхүүнтэй багууд амжилттай оролцож байжээ.

Энэ удаагийн тойрон аяллын оролцогчдыг Орос хэлний мэдлэг  сайтай, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайтайн зэрэгцээ аялалд оролцож байсан туршлагатай байх гэсэн тодорхой шалгуураар сонгох аж.

Тус аялалд оролцохыг хүссэн хүмүүс http://myf.mn/ сайтад тавигдсан анкетийг татаж авч бөглөн МЗХ-ны байранд авчирч өгч бүртгүүлэх бөгөөд сонгон шалгаруулалт 2014 оны 8 дугаар сарын нэгнээс эхлэх аж.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агетлаг