sonin.mn

Л.Цогзолмаа гуайнд очлоо. Гэхдээ очих хүсэлтэйгээ өглөө нь утсаар дуулгахад "Та нар ямар юм бичих гэж байгаа бол доо. Юу ч гэсэн хүрээд ир, удвал би гарчихна шүү" хэмээсэн. Ингээд орой ажлаа тарсны дараа очиход тэрбээр цагаан шap өнгийн дээл өмсчээ. Зээ охинтойгоо амьдардаг юм билээ.

Намайг зочны өрөөндөө урих зуур галын өрөөнөөсөө тавгийн чихэр авч ирж өмнө тавиад "Манай ахмад уран сайханчдын "Эртний сайхан" нэртэй чуулга байдаг шүү дээ. Хааяа тэнд очихоос өөрөөр гэрээс гарахгүй юм даа. Тэгэхээр сонирхуулах ч юмгүй шахам байна. Сүүлийн үед хэвлэлд ярилцлага ч егөөгүй. Танай сонинд юу ярьдаг юм билээ дээ" гэсээр бидний яриа өрнөлөө.

Л.Цогзолмаа гуайн талаар ард түмэн мэдэх ч гэлээ энэ гайхалтай хүний гайхамшигтай амьдралын түүхээс яриагаа эхэллээ. Тэрбээр 1924 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын Улаан хад хэмээх газар төржээ. Ээж нь түүнийг төрүүлээд бурхан болсон аж. Ээж нь өөрийгөө хорвоод удаан амьдрахгүйгээ мэдэрсэн    болохоор зэргэлдээ орших Сэргэлэн сумын Лувсанжамц гэдэг танилындаа өргүүлсэн гэдэг.

Тэгээд Л.Цогзолмаа гуай энэ хүнээр овоглон тэднийд зургаан жил амьдарчээ. Лувсанжамц гуай бие томтой, маани мэгзэм тавьчихдаг, Гандан хийдэд суугаагүй ч өөрөө өөртөө лам болсон хүн байжээ. Түүний өргөсөн аавыг баргийн морь даахааргүй биерхүү нэгэн байсан тул зөвхөн өөрөө унадаг сэтэртэй ганц морьтой байсныг дурсан ярьж байлаа.

Харамсалтай нь Л.Цогзолмаа гуайг зургаан нас хүрдэг жил аавынх нь морь үлийнд бүдэрч, унаснаар хорвоог орхижээ. Харин "Өргөсөн ээжийг Долгоржав гэдэг. Хоёр давхрын шатнаас унаад хазгар болчихсон хөгшин байсныг бүдэг бадаг санадаг юм. Гэхдээ надтай хамт нэг их удаагүй ээ, хөөрхий. Ааваас хойш хэдхэн сарын дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн" гэв.

Гэвч Л.Цогзолмаа гуай "Аав, ээж маань зургаахан жил хамт байсан ч асар олон жил болсон юм шиг л санагддаг. Бага гэж намайг гололгүй олон зүйл сургасан болохоор л тэгж боддог юм шүү дээ" гэж гэгээн дурсамж үгүүлсэн. Хорвоо түүний зовлонд ханаагүй ч бас нэгэн боломж олгосон бололтой.

Лувсанжамц гуайнх Л.Цогзолмаа гуайгаас өмнө Маамаа гэдэг охин хүүхэд өргөж авчээ. Тэд нэг айлын өргөмөл охид болохоор Маамаа дүүгээ өөртөө татан авч, хөдөөнөөс нийслэл хотыг зорьжээ. Л.Цогзолмаа гуай багаасаа дуунд дуртай, дуулах сонирхолтой байсныг нь ах нь гадарлаж "Залуучуудын соёлын ордон"-ы хөгжмийн ангид оруулжээ.

Ийнхүү тэрбээр урлагийн зам дахь гэгээн харгуйгаа нээсэн гэдэг. Түүнд хөгжмийн "А" үсгийг заасан багш нь Солгойбаяр гэдэг, тухайн үедээ алдартай хөгжимчин байжээ. 1940 онд манай улсын цирк үүсэн байгуулагдах үед театруудаас авьяастай гэсэн хүүхдүүдийг сонгон авахад тэрбээр Жааз хөгжмийн бүлэгт хуваарилагджээ.

Тэнд саксафон хөгжим тоглодог болсноор хүсэн хүлээсэн жинхэнэ хөгжимчин болох үүд нь нээгдэв. Циркэд хоёр жил ажиллаад удаагүй байхад ихэнх ажилчдыг Орос руу тоглолтоор явуулсан байна. Урлагт дуртайг ч хэлэх үү, анх удаа хилийн дээс алхаж байгаа тэрбээр учиргүй их баярлажээ.

Гэвч түүнийг гэртээ ирэхэд алган дээр нь бөмбөрч, ачлуулж өссөн эгч нь бурхан болсон байжээ. Хэдий харуулж, асруулах хүнгүй ч ажилтай болсон болохоор өөрийгөө авч явж дөнгөөд байв. Хоёр жил наашаа гэсэн таньдаг айлаараа явсны эцэст, Төрийн шагналт зураач Л.Гаваа гуайтай гэр бүл бололцож нэг охин төрүүлжээ.

Урлагт хамаг л зүрх сэтгэлээ зориулсан тэрбээр гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавих нь тун бага. Тиймдээ ч охиноо есхөн сартай байхад нь хүнд өвдсөнийг нь мэдэлгүй явсаар алдсан гэдэг. Түүнээс хойш хоёр сарын дараа тэдний гэр бүл хоёр тийш болов.

Гэсэн ч залуу хүн гутрал гэдгийг үгүйсгэж, амьдралын хатууд сөхрөлгүй зүтгэжээ. Иймээс хослон амьдрах жам ёсоор 1946 онд Намын Төв Хорооны даргаар ажиллаж байсан Намсрай гуайтай гэр бүл болж ёстой л заяаныхаа ханийг олсон байна.

Тухайн үед хурим гэж мэддэггүй байсан болохоор анхны хуримыг шинэ жилийн баяртай давхцуулан хийсэндээ одоо хэр билэгшээдэг юм билээ. Хуримын зочдоор нь Ю.Цэдэнбал, нутгийн найз Ш.Сүрэнжав нар уригдаж байжээ. Тэд таван хүүхдийн аав, ээж бололцсоныг уншигч та бүхэн сайн мэдэж буй биз ээ.

Намсрай гуай 1990 онд бурхан болсон хэдий ч 40 гаруй жил ханилсандаа ч тэр үү "Миний амьдралын сайн, муу бүхнийг үүрэлцэж явсан хөгшиндөө их баярлаж явдаг юм. Би гэдэг хүн урлаг гээд гэрийн бараа бараг харахгүй. Гэсэн ч намайг ойлгож байсанд нь үнэхээр талархахгүй байхын аргагүй" хэмээсэн нь амьдрал гэдэг ойлголцол дээр л тогтдог юм гэсэн бодлыг залуу хосуудад төрүүлэх гэснийх биз ээ.

Том охин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдыг хүн бүр андахгүй. Дараагийнх нь "Монгол ньюс" группийн ерөнхийлөгч Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр. Тэрбээр урлаг судлаач мэргэжилтэй. Охин Н.Ганчимэг нь төгөлдөр хуурч мэргэжилтэй бөгөөд одоогоор Хөгжим бүжгийн коллежийн сургалт хариуцсан дэд захирлаар ажиллаж буй.

Түүний нөхөр нь Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин. Харин ганц хүү Н.Ганхуягийг нь ард түмэн дуучин гэдгээр сайн таних биз ээ. Одоогоор олон улсын харилцааны чиглэлээр ажиллаж байгаа гэнэ. Бага охин Н.Туяа нь кино судлаач мэргэжилтэй. Үүнээс гадна 10 гаруй ач, зээтэй болсон шүү хэмээн ярианыхаа завсар хавчуулна билээ.

Урлагийн их ажлын зэрэгцээ таван хүүхдийг яаж өсгөсөн юм бол гэж хүмүүс гайхаж магадгүй. Тэгвэл "Хадам эгч Өлзийсүрэн хэдэн хүүхдийг минь өсгөсөн их гавьяатай хүн. Зөвхөн хүүхэд ч бус ач, зээ нарыг минь хүртэл өсгөлцсөн болохоор тэр хүнтэй учрах хувьтай л юм гэж билэгшээдэг. Тэр хүн байгаагүй бол би урлагт ингэж олон жил зүтгэж чадахгүй байсан" гэлээ.

Мөн тэрбээр Сувдыг "Мандухай цэцэн хатан" кинонд тоглоно гэдэгт итгэл муутайхан байсан гэдгээ ч нуугаагүй. Тухайн үед Сувд ОХУ-д жүжигчний анги төгссөн, орос "школтой" байсанд аж. Гэлээ ч чадварлаг жүжигчин дүрийг биш, дүр жүжигчнээ голдог юм гэдгийг яруу тодоор харуулж, ээжийнхээ энэ бодлыг үгүйсгэж чаджээ.

Л.Цогзолмаа гуайг Монголын сайхан эмэгтэй гэдэг. Одоо ч гэсэн наснаасаа залуу харагдаж байгаа болохоор сайхан байхын гол утга учир юундаа байдгийг асуулгүй өнгөрч чадаагүй юм.

Тэгэхэд тэрбээр "Миний сайхан гэж юу байх вэ. Урлагтай л холбоотой. Ээжээсээ зөв төрхтэй төрсөн болохоор дээхнэ үед сайхан харагддаг байсан юм байлгүй. Урлагт ороогүй бол өдийд бүлтгэр нүдтэй, хөх авгай болчихсон байна биз. Урлаг хүнд сайхан харагдах үүргийг өгдөг юм шүүдээ. Наад зах нь тайзан дээр гарчихаад халтайсан юм зогсч байвал эвгүй биз дээ" хэмээн инээж суусан.

Урлаг хүнийг дотроос нь гэрэлтүүлдэг болохоор хэн бүхнийг сайхан харагдуулдаг нь ийм л учиртай ажгуу. Түүнийг тайзнаа ид оргилж явахад одооных шиг гоо сайхны бүтээгдэхүүн ховор байсан нь мэдээж. Хамгийн гол хэрэглээ нь Оросоос орж ирдэг нэг л янзын энгэсэг. Дайны үед пудр ховордоход нь шүдний 00 хуурай болгож байгаад нүүрэндээ түрхдэг ч үе байсан гэж хуучилсан.

Хүний амьдралд олон сайхан зүйл тохиолдоно. Л.Цогзолмаа гуайн амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл нь заяаныхаа ханьтай сууж, үр хүүхэдтэй болсноос гадна урлагийн буянаар олон орноор аялан тоглолт хийж явсан үе нь гэсэн. Дуунд дуртай хүн дуунд мөнхөрнө гэдэг сайхан байх.

Л.Цогзолмаа гуай гурван ч дуунд мөнхөрчээ. Миний санаж буйгаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Сүрэнжав гуай "Манлай явсныг чинь мартахгүй" гэдэг нэртэй дуу зориулан бичсэн байдаг.

Ийн дуунд мөнхөрсөн талаараа "Тэр үед нэртэй дууны уралдаан болж миний тухай гурван яруу найрагч дуу зохиосны нэг нь энэ. Өөрийнхөө тухай дууг сонсоод сууж байхад тийм ч сайхан санагддаггүй юм билээ" гэж даруухнаар хариулж инээвхийлсэн.

Харин нутгийнхаа тухай ярихдаа хачин их дуртай. Манай нутгаас салбар бүхэнд авьяастан тодорсон хэмээн магтаад эхлэв. "Яруу найрагч Б.Лхагвасүрэн "Манай нутгаас яруу найрагчид цэцэг ургаж байгаа юм шиг төрдөг" гэж хэлсэн байдаг.

Энэ үгнээс л бодоод үзэхэд манай нутгийн алдартнуудыг тоолоод барахгүй. Нэг сул тал нь иргэд маань өөрсдийгөө "би" гээд цээж дэлдээд байдаггүй болохоор олонд танигдаагүй авьяастнууд олон бий. Тэднийг оролцуулбал улам их болно. Байгаль нь ч сайхан болохоор тэр байх" гэж ярьсан нь нэлээд нутгархах үзэлтэй юм болов уу гэдэг бодлыг төрүүлж байлаа.

Хөдөлмөрийн баатар гэдэг хэргэм хэн бүхэнд оногддоггүй. Харин өөрөө энэ цолоороо дуудуулж тайзан дээр гарахдаа "Ард түмнийхээ буянд хүртсэн шагналдаа баяртай байдаг ч яс хавтайдаг юм" гэж өөрийн хийсэн бүтээсэндээ голонгуй ярьсан. Үүгээрээ өчүүхэн зүйл хийчихээд гавьяат цол авч цээжээ дэлдээд байгаа нөхдөд нэгэн зүйл хэлэх шиг бодогдсон.

"Зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн юм шиг. Би сайн хань, сайхан үр хүүхдүүдийнхээ буянд одоо сайхан амьдарч байна. Намайг юугаараа баян бэ гэж асуувал сэтгэлээрээ баян гэж хариулна" хэмээсэн.

Л.Цогзолмаа гуай дуунд дуртай болохоороо дуулалт жүжиг бүтээхийг чухалчилдаг байжээ. Хамгийн хайртай өөрийгөө тоосон дүр нь 1950 онд бүтээсэн "Учиртай гурван толгой" жүжгийн Нансалмаа, 1951 онд амилуулсан "Жаргалын зам" жүжгийн Халиуны дүр гэлээ. Энэ мэтчилэн зүйл хүүрнэлдэх зуур гэрийнх нь утас дуугарч хүн ирэх гэж байгааг нь мэдээд "Хөл дээр хөл болоод яах вэ" гэж бодоод гарсан юм.

2010 оны 10 cap.

Гэрт нь /Сансар/

Сэтгүүлч У.Баярсайхан

Эх сурвалж: "Утга зохиол урлаг" сонин