sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Шашин шүтэх эрх чөлөөг БНХАУ төдийлөн хүндэтгэхгүй байгааг АНУ-ын засгийн газрын тайлан харууллаа. Ялангуяа, лалын шашинт уйгурчуудын эрх ноцтой зөрчигдөж байна. “Олон улсын шашны эрх чөлөө-2013” тайланг АНУ-ын Төрийн департамент гаргасан юм.
 
Тус тайланд дурдсанаар, шашны үйл ажиллагаа явуулсан хүмүүсийг Хятадын Засгийн газар хавчин гадуурхаж, баривчилсаар байна. Зарим тохиолдолд тэднийг эрүүдэн шүүдэг ажээ.
 
Лалын шашинт уйгурчуудыг нухчин дарахын тулд “салан тусгаарлах үзэлтнүүд, шашны хэт давруу үзэлтнүүд, террористууд” гэж нэрлэж байгаад маш их санаа зовж байна гэж Хятадын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны эрх баригчид хэлснийг уг тайланд мөн дурдсан байна.
 
Мөн уг тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлснээр, Хятадын эрх баригчид христийн шашинтнуудын эрхийг зөрчиж, Буддын шашны цөлөгдсөн удирдагч Далайн ламын зургийг авч явж байсан сүсэгтнүүдийг баривчилж байжээ.
 
Ард түмнийхээ шашин шүтэх эрх чөлөөг эдлүүлэхийг Хятад улсад АНУ-ын Засгийн газар цаашид уриалсаар байх болно гэж Керри хэлсэн юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг