sonin.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд маргааш Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийн нээлтийн ажиллагаа болно. Нээлтэд УИХ-ын гишүүд болон ЭМЯ, ЭХЭМҮТ, НЭМҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн ОУБ, Макс Эксим ХХК зэрэг байгууллагын удирдлагууд, олон нийт оролцох юм.

Энэ оны Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийг "Эхийн сүүгээр хооллох нь-Амьдрал тэтгэх алтан боломж" уриан дор тэмдэглэх ба Мянганы хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дүгнэх, мөн түүнээс хойшхи хугацаанд эхийн сүүгээр хооллох дадлыг дэмжих, сурталчлах, хамгаалах ач холбогдлыг онцлон уриалахад чиглэгдэж байгаа аж. Мөн тухайн өдрийн 13 цагт "Монгол ньюс" хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн хурлыг хамтрагч талууд зохион байгуулна.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг