sonin.mn

Энэ сарын байдлаар Баян-Өлгий аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Ховд аймгийн Үенч сумдын нутагт үлийн цагаан оготно болон тарваганы дунд тарваган тахлын нян эргэлтэд байгааг тогтоогоод байна.

Тарваган тахал нь олон улсын хөл хориот, байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. ДЭМБ-ын мэдээгээр жил бүр 2000 орчим хүн тарваган тахлаар өвчилж, нас баралт 5-15 хувьтай байна. Төв-Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт орших бөгөөд одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3 хувийг эзэлдэг.

2004-2013 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 13 тохиолдол 9 аймгийн 13 сумын нутагт гарчээ. Үүнд, Баянхонгор аймгийн Өлзийт, Архангай аймгийн Эрдэнэбулган, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг болон Шинэ-Идэр сумд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Отгон, Говь-Алтай аймгийн Дарви, Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Ховд аймгийн Алтай, Хэнтий аймгийн Хэрлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд тус тус хүн өвчилжээ.

Хүнд халдвар дамжих хэд хэдэн зам байдгаас өвчтэй тарвага болон мэрэгч амьтныг агнах, өвчих, явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсанаас шууд халдварлах, мэрэгч амьтны бүүрэг бөөсөнд хазуулах замаар халдвар авч, бучирхайн хэлбэрээр өвчлөх нь илүүтэй байдаг. Өвчилсөн, халдвар авсан хүн дураараа эм уух, эмчлэх оролдлого хийх, эмч, эмнэлэгт хожуу хандах, буруу оношлох, буруу эмчлэх зэргээс тарваган тахлын булчирхайн хэлбэр нь үжил, уушгины хатгаа, мэнэнгээр хүндэрч болно.

Судалгаагаар булчирхайн хэлбэрийн тахлын 20 орчим хувь нь уушгины хэлбэрт шилжиж байгаа бөгөөд уушгины болон үжлийн хэлбэрээр өвчилсөн хүн эхний 18 цагийн дотор эмчилгээ авахгүй бол цаашид аврагдах боломжгүй байдаг байна. Хууль бусаар тарвага агнахгүй байх. тарваганы мах худалдан авч хэрэглэхгүй, тарвага, зурамны бүүргэнд хазуулахаас сэргийлэх, үхсэн тарваганд хүрэхгүй байх, жил бүрийн долдугаар сард зохион байгуулдаг тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад идэвх, санаачлагатай хамрагдаж тарваган тахал өвчнөөс сэргийлж болно.

Хэрвээ тарваган тахлын голомтот нутгаар аялсан, тарвага агнах, өвчих, тарваганы арьс болон бусад түүхий эдтэй харьцсан, тарваганы мах, махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэсэн, мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөнд хазуулсан тохиолдолд 6 хоногийн дотор өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор эвгүйрхэх, булчирхай цочих, ханиах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрвэл аль ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад яаралтайүзүүлэх хэрэгтэй гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг