sonin.mn
Бурхан Багшийн номын хүрд эргүүлсэн их дүйчэн өдөрт зориулсан "Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү" эрдэм соёлын арга хэмжээний хүрээнд  "Дээдийн номын үзэсгэлэн" Монголын Үндэсний номын санд  боллоо.
 
Энэхүү үзэсгэлэн нь ном судрыг өөрийн биеэс илүүтэй чимж, баринтаглан дээдэлж ирсэн өвгөдийн ухаан, номын утгыг тайлбарлан таниулах зорилготой ажээ.
 
Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй монголчуудын бүтээсэн дэлхийд цор ганц, хосгүй үнэт “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судар номын үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлсэн юм.
 
Үзэсгэлэнгийн үеэр “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн лам нар цугларсан олонд цалин цагаан мөнгөөр бүтээсэн Сандуйн жүд номыг уншиж, адис хайрлалаа.
 
Тус номын сангийн Үнэт ховор номын музейн сан хөмрөг нь Монголын эрт, эдүгээгийн оюуны бүтээл, ном хэвлэл, гадаад хэлээрх ном зохиолыг багтаасан 3 сая гаруй ном хэвлэлтэй аж.
 
Монгол төдийгүй дэлхий дахины түүхэнд томоохон байр эзлэх Бурхан багшийн сургаал, зарлигийг агуулсан 108 боть “Ганжуур”, түүний тайлбар болох 226 боть “Данжуур” хэмээх хоёр их хөлгөн судрын гайхамшигтай сан хөмрөгийг хадгалан хамгаалж байгаа юм.
 
Ганжуур гэдэг нь монголоор “Зарлигийн хураангуй” гэсэн утгатай бөгөөд сонсох, бясалгах, бүтээх чадварыг төлөөлсөн судар, винай болон авидарма зэрэг эртний Энэтхэгийн трипитака буюу гурван аймаг савын ном, мөн 1260 гаруй нэр төрлийн номыг багтаасан судар юм.
 
Монголчууд номыг алт эрдэнэс, зэс, гууль, мод зэрэг олон материалаар барлан хэвлэж номын буянаа дэлгэрүүлж гэгээрч байсныг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг