sonin.mn

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн хойд азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ. Тус форумд БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын  Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна.

Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцож байгаа аж. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг форумыг нээж үг хэлсэн юм. Тэрээр, “Хотуудын асуудлыг шийдвэрлэх таван боломж байна гэж би харж байгаа. Нэгдүгээрт, Орчин үеийн технологийн ололт, дээр нь хотын хүнд үйлчлэх зөв зохион байгуулалтыг хийж чадах юм бол хотын удирдлага гэдэг тийм ч дааж давшгүй хүнд зүйл биш гэдэг нь харагдаж байна. Хоёрдугаарт, хотын удирдлага бол оршин суугчдын удирдлага гэж хэлж болно.

Манайд орон сууцанд СӨХ гэж байдаг. Гэр хороололд айлууд гудамж, гудамжаараа нэгдэж зохион байгуулалтад ордог. Гудамжаараа зохион байгуулалтад орсон иргэдийн дарга гэх байдлаар шатлан зохион байгуулж үйлчлэх юм бол илүү зөв хэлбэрт орох магадлал байгаа. Хотод үүсч байгаа асуудлыг бид нэг талаас сорилт, нөгөө талаас боломж гэж харах хэрэгтэй.

Гуравдугаарт, иргэдийнхээ мэдэлд тодорхой төсөв хуваарилах хэрэгтэй. Хотын ард иргэд, тухайн гудамж, тухайн дүүрэг, хороонд амьдарч байгаа иргэд төсвөөр юу хийх вэ гэж ярилцаад, бүтээн байгуулалтаа иргэдийн хяналт дор хэрэгжүүлдэг болсон.

Дөрөвдүгээрт, хотуудын хөгжил, дэвшилд хамгийн чухал нэг зүйл бол хотын удирдлагын өөрийнх нь бие даасан байдал юм. Иргэдээсээ хамааралтай байх боломжийг хотын удирдлагад олгох хэрэгтэй. Дээр нь санхүүгийн бие даасан байдал хамгийн чухал. Санхүүгийн бие даасан байдал гэдэг дотор хотын оршин суугчдын тодорхой төрлийн татваруудыг төв Засгийн газраас зөвхөн хотын мэдэлд үлдээх нь зөв хэлбэр болох юм. Манайд бол хүн амын орлогын албан татвар, үндсэн хөрөнгийн татвар зэрэг боломжуудыг үүсгэх талаар ярьж, тодорхой алхам хийж эхэлж байгаа.

Тавдугаарт, Аливаа том хот бол хотуудын хот байх ёстой. Хүмүүсийнхээ амьдарч байгаа газар руу жижгэрч зохион байгуулалтаа хийх нь их зөв юм шиг байгаа юм. Монгол Улсын хувьд газар нутгийн боломжоосоо шалтгаалаад шинээр хөгжин тэлэх, шинээр газар зохион байгуулалт, газар хувьчлалтай холбоотойгоор шинэ суурьшлуудаа зөв төлөвлөх нь чухал юм. Хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг хотын дарга шиг сайн мэддэг хүмүүс байхгүй учраас энэ чуулганаас зөв, ирээдүйтэй шийдвэрүүд гарна байх. Хамгийн гол нь та бүхэн бие биеэсээ сайн суралцаж чадна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын хотууд, нийслэл хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх ямар боломж байгаа болон өөр өөрийн хотуудад тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдсэн талаар та бүхэн маш их үнэтэй санаанууд гаргаж чадна гэж би бодож байна. Сайн санаа, сайн шийдэл байвал санхүү хэзээд байх боломжтой” гэв.

Форумын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Зүүн Хойд Азийн бүс нутаг байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг, худалдаа арилжааны төв болж буй газарзүйн байршилтай, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн олон салбарт хамтын ажиллагааны эерэг нааштай өөрчлөлтүүд бий болсон зэрэг давуу талтай. Үүнийг ашиглан бүс нутгийн хотууд иргэддээ хүртээмж сайтай, экологид ээлтэй, байгалийн гамшиг эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хөгжих бүрэн бололцоотой бөгөөд хүчээ нэгтгэж хамтдаа хөгжих нь бүс нутагтаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох ач холбогдолтой.

Зөв удирдвал хотжилт нь олон боломжуудыг бий болгодогч хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол үүсэх зэрэг нийтлэг асуудал тулгарч байна.

Зүүн хойд Азийн хотуудын хувьд мэдлэг, туршлагаа харилцан солилцох замаар асуудлуудаа хамтдаа шийдвэрлэснээр хотуудын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэх юм. Бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлэгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан стратегийг боловсруулж хэрэгжүүлснээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой юм.

Цаашид ийм хэлбэрийн уулзалтыг тогтмол зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж болох юм” гэлээ.

Ч.Ариунболд | Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг