sonin.mn

Оросын Холбооны Улсын нийслэл Москва орчмын "Алабино" сургалтын баазад зохион байгуулж байгаа “Танкийн биатлон-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр долоо хоногийн турш үргэлжилж, маргааш хаалтаа хийх гэж байна.

Олон орны танкийн экипажууд жолоодох урлаг, буудлага, спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог энэхүү тэмцээн жилээс жилд өрсөлдөөнтэй болж байна. Тиймдээ ч Оросын  Батлан Хамгаалах Яамны сайд Сергей Шойгу танкийн биатлоныг удахгүй цэрэг спортын төрөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан байдаг.

Энэ жилийн тэмцээнд Ангол, Армен, Беларусь, Венесуэл, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Хятад, Кувейт, Монгол, Серб, ОХУ-ын  12 орны 36 баг оролцон өрсөлдөж байгаа юм.

Манай улсаас ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчидаас бүрдсэн гурван экипаж оролцон өрсөлдөж байна. Манай баг тамирчид тэмцээний бүх төрөлд хурд хүчээ сорьсон бөгөөд, одоогийн байдлаар 25, 28, 34 дүгээр байранд жагсч байна.

Танкийн биатлон  нь байлдааны байдалд дээд зэргээр ойртсон нөхцөлд, хуягт техник болон экипажуудын  чадварыг сорьсон нөхцөлд явагддаг бөгөөд танкууд хэр хурдтайгаар, хэдэн тойрог явах, явдлаас пулемёт болон их буугаар буудах, хүнд саадтай замын хэсгийг туулах зэргээр танкчдын чадварыг нь сорьж, байгаа оноогүй, эсвэл жолоодлогонд алдаа гарсан нөхцөлд хугацааны торгууль ногдуулах, оноо хасах зэрэг журмаар явагддаг.

Энэ жилийн тэмцээнд оролцогчдоос Хятадаас бусад орны тамирчид Оросын Т-72Б танкийг жолоодон өрсөлдөж байгаа бол БНХАУ-ын тамирчид өөрсдийн Т96А танкаараа оролцож байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг