sonin.mn

ДУБАЙ. /ВВС/. Дэлхийн биеэ хамгийн олон цоолуулсан эрэгтэй Рольф Буххолзыг АНЭУ-ын нийслэл Дубай руу нэвтрүүлэхээс татгалзжээ.

53 настай герман эрэгтэй бие, нүүрээ 453 удаа цоолуулсан бөгөөд духандаа хоёр эвэр суулгуулсан юм. Нисэх онгоцны ажилтнууд намайг “хар шидтэн” байж магадгүй гэж эмээсэн гэж Рольф Буххолз “ВВС”-д мэдэгджээ.

Компьютерын мэргэжилтэн Буххолз нь “биеэ хамгийн олон цоолуулсан хүн”-ээр тодорч, 2012 онд Гиннесийн номд бичигдсэн билээ. Энэ хэрэг явдлын дараа Буххолз “Твиттер” хуудастаа “Би Дубай руу дахиж хэзээ ч явахгүй” гэж бичжээ.

Мөн Дубайд алдсан тээш нь одоо болтол олдоогүй байгаа аж. Дубайн цагдаа нар болон албаны хүмүүс энэ хэрэг явдалтай холбогдуулан хараахан мэдэгдэл хийгээгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг