sonin.mn

Газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар энэ сарын 15-ны өдөр сонгон шалгаруулсан. Ингэхдээ зөвхөн нийслэлийн иргэнд газар өмчлүүлнэ гэж журамд тусгасан. Гэвч гадаадын иргэд газар өмчилсөн талаарх мэдээлэл түгээд байна. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан Л.Баянбатаас тодрууллаа.

-Таван байршилд газар өмчлүүлэх ажлыг 15 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Нийт хэдэн хүн бүтгүүлсэн бэ?
-Энэ сарын 1-нээс хойш цахим бүртгэлд 281 440 иргэн бүртгүүлсэн. Нийт бүртгүүлсэн иргэдээс түүврийн аргаар сонголт хийж 14954 иргэн албан ёсоор газар өмчлөх эрхтэй болсон. Ингэснээр иргэд ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд дүүргийнхээ иргэд хүлээн авах төвд өргөдлөө өгч, газраа өмчилж авах эрх нь нээгдэж байгаа. Иргэд энэ эрхээ наймдугаар сарын 18-29-ний хооронд баталгаажуулж авах ёстойг анхааруулъя.

-"Газар өмчлөх эрхтэй 14954 иргэний дунд гадаадын иргэн байна" гэсэн мэдээлэл гадуур их гарч байна. Энэ ямар учиртай юм бэ?
-"Газар өмчлөх эрхтэй хүмүүсийн дунд гадаадын иргэн байна" гэсэн мэдээлэл твиттер хуудаст гарсан. Энэ асуудалд бид Иргэний бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл авсан. 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэл болон Монгол Улсын иргэн болсон бол газар өмчлүүлнэ гэсэн захирамж байдаг. Манай улсын иргэн болчихсон бол газар өмчлөлд оролцох эрхтэй гэсэн үг.

-Тэгэхээр Монгол Улсын иргэн болсон гадаадын хэдэн иргэн газар өмчилсөн юм бэ?
-Олон хүн газар өмчлөөгүй. Зургаан хүн л өмчлөх эрх авсан. Иргэний бүртгэлийн ерөнхий газраас эдгээр хүмүүсийн бүх мэдээллийг авч, хяналт шалгалт хийдэг. Хэрэв хууль зөрчсөн юм уу эсвэл ямар нэгэн шаардлага хангаагүй бол албан ёсоор газар өмчлөх жагсаалтаас хасах арга хэмжээ авдаг.

-"Уучлаарай та энэ удаагийн газар өмчлөлд сонгогдсонгүй" гэсэн мессэж иргэдийн гар утсанд ирсэн. Иргэдийн зүгээс ч газар өмчлөх ажил будилаантай болж байгаа гэж хардаж байна. Энэ талаар тодруулна уу?
-Цахим бүртгэл явуулж байгаагийн ач холбогдол нь ямар нэгэн механик ажиллагаа оролцоогүй. Нэг үгээр хэлбэл, хүний rap оролцохгүй, цахимаар сонгон шалгаруулалт явуулна гэсэн үг. Газар өмчлөлийн программаар тухайн иргэнийг регистрийн дугаараар нь сонгон шалгаруулна гэсэн үг. Программ өөрөө сонголтоо хийж байгаа болохоор будилаан гарахгүй. Тиймээс иргэд хардах ямар ч шаардлага байхгүй.

С.Хорлоо

Эх сурвалж: