sonin.mn

ВАШИНГТОН. /New Eastern Outlook/. АНУ бүр 1946, 1950-аад оны эхээр Монгол Улстай дипломат харилцаа тогтоохоор төлөвлөж байсан Өрнөдийн анхны улсуудын нэг. Тухайн үед Монголыг БНМАУ гэдэг байсан юм.

Гэхдээ энэ төлөвлөгөөг хэрэгжихэд өрсөлдөгч хоёр системийн тэмцэл, БНМАУ-ын харьяалагдаж байсан “социалист лагерь”-ийг тойруулан татсан төмөр хөшиг саад болж байсан. Харин 1987 онд л энэ төлөвлөгөө хэрэгжиж, Монголтой дипломат харилцаа тогтоосон Өрнөдийн сүүлчийн улсуудын нэг нь АНУ болж байсан нь хачирхалтай.


1990 онд ардчилсан хувьсгалыг амжилттай хийсний дараа Монгол Улсын ардчилсан шинэчлэлийг гол дэмжигчдийн нэг нь АНУ болж, тэр цагаас хойш хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг болон нийгмийн салбарт эрчимтэй өргөжсөөр байна. Өдгөө хоёр талын харилцааны стратегийн ач холбогдлыг хоёр улс ихэд чухалчилж, АНУ өөрийгөө Монголын “гуравдагч хөрш” болгоод байгаа юм.

Үүнтэй холбогдуулан, АНУ болон Монгол Улс хоорондын харилцаа чухал салбаруудад, тэдгээрийн дотор, цэрэг, цэргийн техник хэрэгслийн салбарт хэрхэн хөгжиж ирсэн нь сонирхол татаж байна. 1991 онд хоёр улс ЭСЯ-ндаа цэргийн атташетай болсноор энэ харилцаа эхэлж, улмаар хоёр үе шаттайгаар хөгжсөн.

Эхний шат нь Монголын цэргүүд англи хэл  идэвхтэй сурч, армийн дээд командлагч нарын анхны солилцоог хийсэн үе буюу 1991-1996 оны хамардаг юм. Улмаар 1995 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд АНУ-д анхны айлчлалаа хийсэн.

Үүний дараагийн жил Батлан хамгаалахын дэд сайд нь, 1993 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нь АНУ-д айлчилсан. Харин 1992, 1994 болон 1996 онд Номхон далай дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний командлагчийг Улаанбаатар хүлээн авсан билээ.

Харин хоёрдугаар шат нь 1996 онд цэргийн мэргэжилтнүүд харилцан айлчлах үеэр засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан үеэс эхэлж, 2003 он хүртэл үргэлжилсэн. Дараа нь Монголын цэргийн албан хаагчдыг улсдаа суралцуулахаар АНУ хүлээн авч, удалгүй хязгаарлагдмал хүрээнд хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлсэн.

Энэ үед Монгол Улс болон АНУ хоорондын цэргийн хамтын ажиллагаа нь бусад хөрш улстайгаа хийж байсан Монголын хамтын ажиллагааны бусад ямар ч төрлөөс нэг их ялгаатай байгаагүй билээ. Харин 2003 оноос чанарын ялгаа гарч ирсэн.

Тодруулбал, 2003 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголын цэргүүдийг Иракт байрлуулж, Афганистанд явуулсан хамтарсан “энхийг сахиулах” ажиллагаанд АНУ-ын удирдлага дор мөн оны 10 дугаар сарын эхээр монгол цэргүүд оролцсон. Үүний дүнд АНУ болон Монгол Улсын харилцааг жинхэнэ холбоотных гэж тодорхойлоход болохоор болсон юм.

2003-2008 онд Иракт үүрэг гүйцэтгэсэн монгол цэргүүдэд америкчууд ихээхэн талархдаг билээ. Тэр үед монгол цэрүүдийг хэрэгцээтэй зүйлс, зэвсэг хэрэгсэл болон тоног төхөөрөмжөөр америкчууд байнга хангаж байсан.

“Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд афганистан цэргүүдийг бэлтгэж сургахад Монголын их бууны бригадынхан ихээхэн хүчин чармайлт гаргаж, өндрөөр үнэлэгдсэн юм. 2003 оноос Монгол-Америкийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны шинэ үе эхэлж, НҮБ-ын энхийг сахиулах хэд хэдэн ажиллагаанд хамтран оролцсоноос гадна, хамгийн чухал нь 2006 оноос хойш “Хааны эрэлд” томоохон цэргийн сургуулилтыг /одоо АНУ, Монголоос гадна 20 гаруй улс оролцдог болсон/ жил тутам хамтран зохион байгуулсаар байна.

Мөн армиа шинэчлэх, ялангуяа, НҮБ-ын ажиллагаанд оролцох чадавхаа бэхжүүлэхийн тулд АНУ-ын тусламжийг Монгол Улс хүлээн авч байна. “Энхийг сахиулах ажиллагааны бүс нутгийн сургалтын төв”-ийг Монголын талын тусламжтайгаар Улаанбаатарт нээх, Монголын энхийг сахиулагчдын  чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг АНУ-ын БХЯ болон Төрийн департамент өөрсдийн хүсэлтээр санхүүжүүлсэн.

Тус сургалтын төвд зориулан “Эвслийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд нийт 11 сая долларын өртөг бүхий зэвсэг, техник хэрэгслийг АНУ худалдан авч явуулснаас гадна 2000-2010 онд Монголын энхийг сахиулагчдын хоёр батальоныг бүрэн тоноглож, тусгай хүчнийхэнд тээврийн 68 хэрэгсэл, армийнханд эм тариа, хүнс, хувцас, зэвсэг хэрэгсэл болон бусад зүйлийг өгчээ.

Мөн 1992-2010 онд АНУ-д зохион байгуулсан хоёр талын болон олон улсын форумууд, семинар, сургуулилтад Монголын 900 гаруй цэрэг, 100 гаруй иргэн оролцож, үүнд АНУ мөн 11 сая доллар зарцуулсан байна. Монголын талын албан ёсны урилгаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл цэргийн томоохон төлөөлөгчдийн хамт 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд Улаанбаатарт нэг өдрийн айлчлал хийсэн нь хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд нэг шинэ алхам болсон юм.

Чак Хейгл нь Монгол Улсад айлчилсан АНУ-ын Батлан хамгаалахын хоёр сайд болсон. Хейгл болон АНУ-ын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг засгийн газрын ордондоо хүлээн авсан юм. Үүний хариуд Хейгл “Монгол Улс бол АНУ-ын хувьд чухал түнш” гэсэн билээ.

Тиймээс ч тэрбээр Ази-Номхон далайн бүс нутгийн 13 улсад хийсэн 10 хоногийн айлчлалынхаа төгсгөлд Монголд  албан ёсоор айлчлах урилгыг дуртайяа хүлээн авчээ.
Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байснаар, энэ айлчлал нь “холбоотнуудын харилцааг хөхүүлэн дэмжиж, бэхжүүлэх” зорилготой байсан.

Харин АНУ-тай батлан хамгаалахын салбарт төдийгүй олон салбарт түншлэлээ хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлэхийн сацуу “Батлан хамгаалахын асуудлаар хамтран ажиллаж байгаа нь хоёр талын бүх хамтын ажиллагааны үндэс суурь” гэж онцлон тэмдэглэсэн билээ.
Ерөнхийдөө, хамтарсан сургуулилт, бусад ажиллагаанд оролцож байгаагаа цаг тухайд нь болон шууд байдлаар хөрш улсууддаа, Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсуудад Монгол Улс мэдэгдэж, ил тод байдлыг ягштал баримталсаар ирснийг энэ тэмдэглэх нь зүйтэй.

Энэ харилцаа нь үндсэндээ Монгол, АНУ хоорондын өнөөг хүртэлх цэрэг, техникийн хамтын ажиллагааг хангалттай нээлттэй байлгаж, ОХУ болон БНХАУ-ын анхаарлыг татах шаардлагатай ч тус хоёр улсын эсрэг чиглэдэггүй гэдгийг харуулсаар ирсэн. Үүний зэрэгцээ бидний бодлоор, Монгол болон АНУ цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь тус хоёр улс жинхэнэ холбоотон гэсэн үг биш.

Гэхдээ бодлого, зорилгоороо илүү нягт, нэгдмэл байгааг харуулж байж болох юм. Тиймээс ч Монгол-Америкийн батлан хамгаалах салбарын харилцааг ингэж ойлгох нь илүү дээр байж магадгүй гэж ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор, “New Eastern Outlook” онлайн сэтгүүлийн тоймч Марк Гольман бичжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг