sonin.mn

Улаанбаатар хотноо болж буй Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумын үеэр Нийслэлийн Засаг дарга Япон Улсын Нийгата хотын орлогч дарга ноён Хамада Эйжи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Хамада Эйжи “Зүүн хойд Азийн улс, хотын удирдлагууд  нэг хотод хамтдаа үйл ажиллагаандд оролцох нь ховор байдаг. Харин Улаанбаатар хотын Захирагчийн урилгаар ийнхүү уулзаж, хөгжлийн бодлогоо тодорхойлж, ярилцаж буй нь энэ бүс нутагт та болон танай хотын найрамдалт харилцаа, нэр хүнд сайн байгаагийн илрэл” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний урилгыг хүлээн авч, Найрсаг Улаанбаатар хотод зочилж байгаад таатай байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх үзэл баримтлалын хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэхүү урт хугацаа хөгжлийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр боловсруулсан юм.

Тиймээс ч бүрэн хэрэгжих нөхцөл байдлыг сайтар судалж, боловсруулсан гэж бид үзэж байгаа. Харин уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, бие биенээсээ суралцан ажиллах шаардлагатай гэж үзэн энэхүү форумыг зохион байгуулж байна. Форумд оролцогчид цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг онцгойлон хэлж байгаад ихээхэн таатай байна” гэлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг