sonin.mn

КАИР, ТЕЛЬ-АВИВ. /ИТАР-ТАСС/. Газын зурваст түр эвлэрэх гэрээний хугацааг дахин 24 цагаар сунгалаа. Энэ нь израильчуудтай хийж буй шууд бус хэлэлцээ дуусахад зайлшгүй чухал юм гэж Египетийн нийслэл хотод болж буй яриа хэлцээнд оролцож байгаа “ХАМАС” хөдөлгөөний улс төрийн товчооны гишүүн Иззат ар-Ришак даваа гарагийн орой мэдэгджээ.

Газын зурваст нэн даруй гал зогсоох зорилгоор хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд түр эвлэрлийн хугацааг 24 цагаар сунгахыг Израиль улс Египетийн эрх баригчдын хүсэлтээр зөвшөөрсөн байна. Энэ тухай Иерусалим дахь Засгийн газрын эх сурвалж ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.

Цаашид сарын хугацаанд сунгаж магадгүй түр эвлэрэх гэрээний хугацааг сунгах тухай зарчмын тохиролцоонд хүрсэн гэж Палестины төлөөлөгчдийн эх сурвалж үүнээс өмнө мэдэгдэж байв.  Арабын телевизийн сувгуудын мэдээлж буйгаар, сөргөлдөгч талууд хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байгаа маргаантай гол асуудлуудыг энэ хугацаанд хэлэлцэж эхэлнэ.

Тухайлбал, эн түрүүнд Газын зурвасын нисэх онгоцны буудлыг нээх, далайн боомт байгуулах, хоригдлуудыг суллах болон тус зурваст ор сураггүй болсон Израилийн хоёр цэргийг солилцох асуудлыг хөндөнө. Наймдугаар сарын 13-нд тогтоосон гал зогсоох тав хоногийн дэглэм нь орон нутгийн цагаар 00:00 цагт дуусч байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг