sonin.mn

ЛОНДОН. /Xinhua/. Лондон дахь Эквадорын ЭСЯ-наас би удахгүй явна гэж “Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанж мэдэгдлээ. Тус ЭСЯ-нд сурвалжлагчдад мэдэгдэл хийхдээ 43 настай Ассанж Шведэд өөрийг нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруушааж буйг үгүйсгэжээ.

Түүнийг ЭСЯ-наас гарахад нь баривчлахаар Британи төлөвлөж байгаа аж. Гэхдээ “Wikileaks”-ийн албан  ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Ассанж ойрын хугацаанд ЭСЯ-наас явахгүй бололтой.

Энэ асуудлыг хэлэлцэхийг Британийн Гадаад харилцааны сайдад уриалахаар төлөвлөж байгаагаа Эквадорын Гадаад харилцааны сайд Рикардо Патиньо илэрхийлсэн юм. Дөрвөн жилийн өмнө Лондонд очиход нь Ассанжийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Британийн цагдаа нар баривчилж байжээ.

Британийн шүүх Ассанжийг Шведэд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан ч тэрбээр Эквадорын ЭСЯ руу орж, орогнох эрх олгохыг хүссэн юм. Ингээд Эквадор орогнох эрх олгосноос хойш хоёр жил гаруй тэрбээр ЭСЯ-ны байранд амьдарч байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг