sonin.mn

ПАРИС. /NHK/. Францын иийслэл Парис хотын захад Саудын Аравийн хунтайжийн сууж явсан машин цуваа руу зэвсэгт этгээдүүд халдаж, 250 мянган еврог дээрэмджээ.

Парисын цагдаагийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 10 машин цувааг өнгөрсөн ням гарагийн орой хоёр машинтай этгээдүүд зогсоосон байна. Цуваа тансаг зэрэглэлийн зочид буудлаас нисэх онгоцны буудал руу явж байжээ.

“Зэвсэглэсэн этгээдүүд машинаасаа үсрэн бууж, цувааны эхний машин руу орсон. Тэд жолооч болон дотор нь сууж явсан Саудын Аравийн ЭСЯ-ны албаны хоёр хүнийг хөөн гаргаж, машиныг унан зугтсан” гэж албаны хүмүүс хэлэв. Харин хунтайж өөр машинд байсан бөгөөд гэмтэж бэртээгүй аж. Саудын Аравид хэд хэдэн хунтайж байдаг бөгөөд халдлагад өртсөн цуваанд яг хэн нь байсныг цагдаа нар хэлсэнгүй.

Хулгайлагдсан машинд 250 мянган евро, ЭСЯ-ны бичиг баримт байжээ. “Машиныг дараа нь Парис хотын зүүн хойд дүүрэгт шатааж хаясан байсныг олсон” гэж цагдаа нар хэлэв. Цагдаа нарын үзэж буйгаар, энэ нь урьдаас төлөвлөсөн халдлага байсан аж. Тэд сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг