sonin.mn

КИЕВ. /УНН/. Зөвхөн хил дээр хяналт тогтоож, Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын /ЕХААББ/ ажиглагчдыг ажиллах боломжоор хангах болон барьцааны хүмүүсийг сулласан тохиолдолд Донецк болон Луганск мужид түр гал зогсоож болно. Ийм болзлыг Украины Гадаад хэрийн сайд Павел Климкин Берлин хотод болсон Донбассын байдлаарх дөрвөн талын хэлэлцээний үр дүнг тайлбарлахдаа дурджээ.

“Эдгээр нь талууд гал зогсоох тохиролцоонд хүрэх замд ахиц дэвшил гаргах гол асуудлууд юм” гэж Климкин хэлсэн байна. Түүний хэлснээр, Украины эрх баригчид мөн Оростой хийж буй хэлэлцээний “улаан шугамыг” тодорхойлжээ. “Энэ шугам маш энгийн, тэдгээрийг бид дараах байдлаар тодорхойлж болно, нэгдүгээрт, Украин бол нэгдмэл ардчилсан бөгөөд Европын улс байх ёстой, хоёрдугаарт, Украин Европын замаар замнах ёстой ба ямар хэлбэрээр, чухам ямар холбоогоор аюулгүй байдлаа хангахыг өөрөө тодорхойлох болно” гэж Климкин ярьсан байна.

Наймдугаар сарын 23-нд Германы Канцлер Ангела Меркель Киевт айлчлах гэж байгаа тухай өнгөрөгч бямба гарагт Украины Гадаад хэргийн сайд мөн мэдээлжээ. Энэ айлчлал нь Герман улс Украиныг дэмжиж буйг харуулсан айлчлал болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Даваа гарагт Орос, Украин, Герман болон Францын Гадаад хэргийн сайд нар Берлин хотод Украины асуудлаар хэлэлцээ хийсэн билээ. Талууд Женевийн гэрээг даган мөрдөхөө нотолсон боловч шинэ тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг