sonin.mn

Францын "Арева" корпорацийн охин компани болох "Кожеговь" үйл ажиллагааныхаа явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, байгаль орчин, хүн, малыг хордуулж, амьдрах нутаг, уух усыг үгүй хийж байна.

“Дэлхийн Монгол – Ногоон Нэгдэл”, “Босоо Хөх Монгол” ТББ-ынхан АНУ-ын Нью Мексико мужийн Судалгаа мэдээллийн төвийн захирал, уул уурхайн нөхөн сэргээлтээр мэргэшсэн эрдэмтэн Пол Робинсоны хамт ураны эсрэг хөтөлбөрийн дагуу Дорноговь, Сүхбаатар аймагт хамтран ажилласан байна. Ажлын явцад хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн талаар Х.Бээжин, Э.Төмөрхуяг тэргүүтэй тэргүүлэгчид мэдээлэл хийв.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул, туршилтын олборлолт хийж байгаа “Кожеговь” нь тус суманд ургадаг Загийн ой буюу ойн санд өрөмдлөг, хайгуулыг маш ихээр хийж Заган ойг устгажээ. Үүгээр ч зогсохгүй Дорноговь аймагт холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зам тавьж, байгаль орчныг сүйтгэсэн талаар нутгийн иргэд мэдээлсэн байна.
 
Харин Сүхбаатар аймгийн хувьд "Кожеговь" компани 2011 онд өрөмдлөг хийж хоёр ч цооног гаргасан боловч одоог хүртэл нөхөн сэргээлт хийлгүй, газрын гүний  усыг үр ашиггүй урсгаснаар Онгон сумын иргэдийн ундны усны ганц эх үүсвэр болсон “Хавиргын булаг” ширгэж, ундарга нь 10 дахин багассан аж.
 
“Арева” корпораци нь цөмийн энергийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Францын төрийн өмчит компани бөгөөд дэлхийн хамгийн анхны уран үйлдвэрлэгч юм. Тус компани нь Монголоос гадна Австрали, Канад, Намиба, Нигер, Казахстан зэрэг улсад ураны олборлолт явуулдаг аж. “Арева” компани эдгээр улсуудаас Нигерийн байгаль орчин, хүн амд хамгийн их хор хохирол учруулсан тухай дэлхийн хэвлэлүүд онцолсон байна.

Нигерт тус компани 40 гаруй жилийн турш уран олборлох явцад Нигерийн эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд ямар ч өөрчлөлт ороогүйгээр барахгүй 200 онд дэлхийн хамгийн хоцрогдмол орны жагсаалтад тэргүүлж байжээ.

Гэрэл зургийг Б.Чадраабал | Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг