sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн иргэний агаарын тээврийн компанийн онгоцуудыг Сирийн дээгүүр нисэхийг АНУ-ын Холбооны иргэний нисэхийн удирдах газар /ХИНУГ/ хоригложээ.

Тус бүсийн дээгүүр нислэг үйлдэхэд гарч болзошгүй эрсдэлийн үнэлгээгээ ХИНУГ шинэчлэн гаргасан байна. ХИНУГ–ын тэмдэглэснээр, Сирид болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, аюулгүй байдлын орчин тогтворгүй байгаа нь иргэний агаарын тээврийн нислэгүүдэд ноцтой аюул учруулж байгаа юм.

Мөн хэт давруу үзэлтнүүдийн бүлгүүдэд нисэх онгоцыг буудан унагаах чадалтай зенитийн зэвсгүүд байгаа гэж тус газар мэдэгдэв.  Украины зүүн нутаг дээгүүр нисэж байсан “Malaysia Airlines” компанийн нисэх онгоц өнгөрсөн сард сүйрсэнтэй холбоотойгоор иргэний агаарын тээврийн онгоцны аюулгүй байдлын асуудал олон улсын  хэмжээнд хөндөгдөж эхэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг