sonin.mn

Урлагийн салбарт хөл тавиад удаагүй ч өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийний танил болсон дуучин С.Хишигжаргалын дотоод ертөнцөөр аяллаа. Ахмад үеийнхнийхээ сургаалыг сонсч, Монгол дууны урлагт "шинэ салхи" болохоор хичээж яваа түүнтэй ярилцахад бие даасан байдал, хичээнгүй зантай нь мэдрэгдэж байв.

-"Universe best songs" наадмын тайзнаас уран бүтээлээ туурвидаг байсан бол биө даасан уран бүтээлээрээ үзэгч, сонсогчидтой уулздаг болсон байна?
-Бие даасан уран бүтээл туурвина гэдэг тэмцээн уралдаанд оролцохоос тэс өөр зүйл юм байна. "Universe best songs" бол яах аргагүй уран бүтээлийн минь эхлэл, анхны өрсөлдөөнтэй тайз. Тэмцээнд оролцоход цаанаас нь бэлэн дуу өгч, заавар зөвлөмж өгдөг. Харин бие даасан уран бүтээлд цаанаас бэлдэж өгөх зүйл огт байхгүй.

Цохилох зүрх, цаг зав, хөрөнгө гээд бүх зүйлээ шингээж уран бүтээл бүтдэгийг ойлгож эхэлж байна. Би энгийн амьдрахыг хүссэн бол клип хийлгэх мөнгөөрөө хэрэгтэй зүйлээ худалдаж аваад амьдарч болох байсан. Гэхдээ ингэвэл би хүсэл, зорилго мөрөөдлөө хуурсан болно. Дуртай зүйлээ хийж байж тайван амьдарч болохыг ойлгосон.

-Энэ бүхнийг ойлгоход их цаг хугацаа зарцуулсан юм шиг санагдлаа. Ямар мэргэжилтэй вэ?
-Би мэргэжлийн дуучин биш. Аялал зуучлалын менежер, хэл судлаач мэргэжилтэй. Эмэгтэй хүн боловсролтой байх хэрэгтэй. Тийм учраас амьдралын баталгаа гэдэг утгаараа энэ мэргэжлийг сонгосон. Гэхдээ жил гаруй хугацаанд л ажилласан.

Харин дуучин болохыг багаасаа л мөрөөддөг байсан. Тэр утгаараа залуу хүн болохоор хүсэл мөрөөдөлдөө автагдсан байх. Мэргэжлээрээ давхар ажиллаж болно.

-"Universe best songs" наадамд оролцоогүй байсан бол сонирхолдоо татагдаж мэргэжлээ орхих байсан болов уу?
-Ямар ч үөд дуучин болох мөрөөдлөө биөлүүлэх байсан. "Universe best songs" наадам оролцогчдодоо боломж олгодог. Би ч бас үүнийг л харж, сонгосон. Үнэндээ би хэнээс шүлэг авч, аянд тохируулан дуу бүтээх аргаа мэддэггүй байсан.

Ганц мэдэж байсан зүйл маань дуулах байсан учраас мэдэхгүйгээсээ айгаагүй. Наадам намайг энэ бүхэн рүү чиглүүлж, бага багаар зааж сургасан. Тэнд л хөгжмийн зохиолчидтой уулзаж, стутид бичлэгт орж байлаа. Одоо хийж байгаа уран бүтээлийнхээ гарцыг наадмаас олж авсан.

Гэхдээ уран бүтээлч болохын тулд заавал тэмцээнд орох албагүй. Амьдрал сонголтоор дүүрэн шүү дээ. Санамсаргүй сайн продюсертэй тааралдах тохиолдол ч гарч магадгүй. Миний хувьд бол олж харсан өнцөг маань "Universe best songs" наадам байсан юм.

-Наадмын шүүгч байсан Рагу манай шинэ уран бүтээлчдийн тухай ярилцлагадаа өмнөх үеийнхэн нь боломж олгодоггүй талаар ярьсан байсан. Бодит байдал дээр залуу уран бүтээлчдэд боломж хэр их байна?
-Боломж гэдэг гарт баригдцаг зүйл биш. Энэ бол сэргэлэн байдал, аз. Рагу шүүгчийг ярилцлага өгч байхад хажууд нь байгаагүй учраас түүний зөв, бурууг дүгнэх боломжгүй. Ямар ч байсан намайг дарамтлаад, боож хаагаад байгаа зүйл алга. Гэхдээ шинэ залуу дуучдын мэдэхгүй зүйлийг ахмад үеийнхэн зааж сургах хэрэгтэй.

Орчин үөд ам барьж дуулдаг дуучид их болсон. Оюуны өмчийг зөвшөөрөлгүй хулгайлах, ам барих зэрэг үйлдэлд шүүмжлэлтэй хандсаныг боож хаасан гэж бодож болохгүй. Ер нь хаа газрын шинэ "ажилчид" байр сууриа олох гэж төөрч будилдаг шүү дээ. Үнэхээр урлагт хайртай, чин сэтгэлээсээ хандаж чадвал өсөж дэвжээд л явна байх.

-Хуучны дууг орчин үеийн хэмнэлд оруулж дуулсан байсан?
-"Аглаг хангайн цэцэг" бол Б.Нандинцэцэг агсны дуу. Энэ хүний олон дууг дуулж, сонсч өссөн. Тийм учраас тэр хүнд зориулж, санан дурсаж л дуулсан. Мэдээж би тэр хүн шиг дуулж чадахгүй ч ийм төрлийн хоолой байсан шүү гэдгийг л дурссан юм. Шинэчлэн гарсан хувилбар таалагдсан тухай олон хүн хэлсэн. Дуучин, дуу хоёр нь агуу учраас ямар ч цаг үөд хүмүүст таалагдана байх.

-Өмнөх ажлаа хийж байхад "Энэ миний явах ёстой зам биш" гэсэн мэдрэмж төрж байсан уу?
-Энэ миний явах зам биш гэдгийг би зөнгөөрөө мэдэрдэг байсан. Зүүдлээд байгаа юм шиг санагддаг. Нойртой, нойргүй, хоолтой хоолгүй зүтгэж байгаа одоогийн амьдрал минь зөв санагдаж, сайхан мэдрэмж төрүүлдэг. Ахиад тэр бүгд над руу эргэж ирэх үгүйг мэдэхгүй ч мөрийнд бооцоо тавьж байгаа юм шиг бүх юмаа түлхэж тавина. Гэхдээ би харамсахгүй. Урлагт хүмүүс ингэж л донтдог юм байна.

-Танаас эрч хүч мэдрэгдэж байна. мөрөөдлөө олж, зөв замаараа явж байгаа учраа ийм эрч хүчтэй байна уу. Эсвэл угаасаа ийм хүн үү?
-Би нэг дүүтэй. Тэгээд ээж минь бид хоёрыг дайнд явбал дүү зөвхөн мэргэн буудагчийг буудна гэсэн. Харин би зөвхөн урагшаа дайраад л бүгдийг буудна гэсэн. Энэ бол миний зан төрх. Зөвхөн урагшаа тэмүүлдэг. Би удаан ч гуниглаж, шаналж чаддаггүй. Заавал гарц бий. Түүнийг хурдан олохыг хүсдэг, хайдаг.

-Яг ямар чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа вэ?
-Би бүх төрлийн чиглэлээр явж үзэж байна. Урлагийн бүх салбарыг мэдэрдэг байх хэрэгтэй. Би олон төрлийн мэдлэгтэй байж, туршлагатай болно. Миний яг одооний чиглэл бол орчин үөийн поп. Алсдаа рокоор ч дуулж магадгүй. Гэхдээ амьд хөгжимтэй хөнгөн дуулж ч болно.

Э.Нямдулам

Эх сурвалж: