sonin.mn

МОСКВА. /Reuters/. Украины зүүн нутгийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламжийг яаралтай хүргэхэд шаардлагатай арга хэмжээг авахаар Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн хорооны /ОУУЗНХ/  тэргүүнтэй Гадаад харилцааны сайд Сергей Лавров зөвшилцсөн гэж ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдлээ.

Лавров болон ОУУЗНХ-ны ерөнхийлөгч Петер Маурер өчигдөр утсаар хэлэлцээ хийжээ. Мөн Украины ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч даргын мэдэгдсэнээр, байлдааны ажиллагааг зогсоохгүй бол тусламжийн цуваа зорьсон газартаа, тодруулбал, Луганскт хүрч чадах эсэх эргэлзээтэй байна.

Оросыг дэмжигч босогчдын хяналтад байгаа бүсэд аюулгүй байдлыг Украины Засгийн газар хариуцах боломжгүй гэж тэрбээр хэлсэн юм. Украины Засгийн газар Оросын тусламжийн цуваанд ачсан зүйлсийг шалгаж дууссан аж. Гэхдээ ачаагаа аюулгүй тээвэрлэх замыг олох хүртэл ачааны машинууд хилийн ойролцоо зогссоор байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг