sonin.mn

НҮБ./ИТАР-ТАСС/. Өнгөрсөн онд дэлхий даяар хүмүүнлэгийн 155 ажилтан амь насаа алдсан нь ийм тоо баримт гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдэгдсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад энэ тоо 66 хувиар өсчээ.

Харин өнгөрсөн онд НҮБ, Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг зэрэг хүмүүнлэгийн янз бүрийн байгууллагын 171 ажилтан “халуун цэгүүдэд” үүргээ гүйцэтгэж байхдаа хүнд шархадсан байна. Өнгөрсөн жилд хамгийн олон буюу 80 хүн Афганистанд амиа алджээ. 2014 оны нэгдүгээр сараас хойш дэлхий даяар хүмүүнлэгийн байгууллагын 80 орчим ажилтан амь насаа алдаад байна.

Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн өдөр өчигдөр тохиосонтой холбогдуулан амиа алдагсдын дурсгалыг НҮБ-ын төв байранд хүндэтгэжээ. Уг арга хэмжээг 2003 онд Иракийн нийслэл Багдад хот дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар халдлагад өртсөнөөс хойш 11 жил өнгөрч буйд зориулсан байна. Халдлагын улмаас 22 хүн амь насаа алдсаны 15 нь НҮБ-ын ажилтнууд байжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын барилгын өмнө байрлуулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөснийхөө дараа “хэдийгээр хүчин чармайлт гаргаж байгаа боловч хүмүүнлэгийн ажилтнуудад халдах тоо өсөн нэмэгдсээр байгаад” сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

Дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Аюулгүйн Зөвлөл зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд энгийн иргэдийг хамгаалах асуудлаар хурал зохион байгуулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг