sonin.mn

Нийтийн тээвэрт шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хичээлийн шинэ жилийг угтаж автзамын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийдэг. Харин 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг угтаж нийслээс 08 дугаар сарын 22-ноос 31-нийг дуустал дугаарын хязгаарлалтын  түр зохицуулалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байна.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол 08  дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно. Энэ өдрүүдэд  07-21 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулалт хийнэ.

Харин өнгөрсөн жил дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байсан юм. Тиймээс иргэдийн саналын дагуу нийслэлийн Засаг даргын хүсэлтээр нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран шинэ үйлчилгээ үзүүлэх гэж байна.

Энэ нь иргэд улсын дугаараар түр зохицуулалт хийж буй 08 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчих үйлчилгээг санал болгож байна. 10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм. Мөн эдгээр автобусууд нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэхээр зохицуулалт хийгээд байна.

Тухайлбал Энхтайваны өргөн чөлөөн чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ.

Эдгээр автобусууд нь нэг зорчигчтой байсан ч  цагийн хуваарийн дагуу дараагийн буудалруу явж, үйлчлэх юм. Энэхүү туршилтын шинэ үйлчилгээ нь автобусны компаниудад багагүй хохиролтой ч нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1,3 тэрбум төгрөг гарган, шийдвэрлэхээр болсон.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Төрийн албан хаагчид эдгээр өдрүүдэд хувийн унаанаасаа татгалзаж, цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх нийтийн тээврээр үйлчлүүлэх”-ийг уриалсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.