sonin.mn

МОСКВА. БНАСАУ байгуулагдсаныг ЗСБНХУ-ын дараа хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бол Монгол юм. Мэдээжийн хэрэг, “социалист хамтын нөхөрлөлийн орнууд”-ын салшгүй нэг хэсэг байсан БНМАУ болон БНАСАУ нь олон талын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, бие биедээ тусалдаг байв.

Тухайлбал, Солонгосын хойгийн дайн дууссаны дараахан Монгол Улс Умард Солонгосоос 200 гаруй өнчин хүүхдийг үрчлэн авсан. Түүгээр зогсохгүй, ардчилсан нийгэмд шилжсэний дараа ч Улаанбаатар хүнд бэрх жилүүдийг туулж байсан Умард Солонгост олон удаа хүнсний тусламж үзүүлэн, буяны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байлаа.

Хэдийгээр Монголын коммунизмын дараах стратеги Өмнөд Солонгосын зүгт эрс эргэсний улмаас 1990-ээд онд хоёр талын харилцаа уруудсан боловч 2002 онд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Нам Сун Пак Монголд албан ёсны айлчлал хийсний дараа сэргэсэн билээ. Энэ бол сүүлийн 19 жилийн хугацаанд анх удаа өндөр түвшинд хийсэн айлчлал байв.

Одоо Монгол Улс нэг талаас БНАСАУ, нөгөө талаас Өмнөд Солонгос, АНУ болон Японы хооронд зуучлагч, мөн ардчилсан шинэчлэлийн боломжит загвар, эцэст нь БНАСАУ-ын гадаад эдийн засгийн чухал түнш болж байна. Түүнчлэн тус улс хоёр Солонгосын итгэлийг хүлээлгэсэн цорын ганц орон бололтой. Монголын Гадаад хэргийн сайд Л.Болд улсаа брокерын үүрэг гүйцэтгэж буйг онцлон дурдаад, саяхан сурвалжлагчдад “...Улаанбаатар харилцан ойлголцол бий болгох ашигтай талбар болж болох юм” гэж мэдэгджээ.

“Монгол улс энэ хөшүүргийг бүс нутгийн байдлыг сайжруулах, талуудын хооронд яриа хэлцээ хийхэд ашиглаж болох юм” гэж тэрбээр нэмж хэлжээ. Монголын зуучлагчийн үүрэг үр өгөөжөө өгч байна. Тухайлбал, 2014 оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатарт БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Ри Ён Хо зөвлөхийн хамт Стефан Готсвор тэргүүтэй их сургуулийн профессорууд болон төрийн департаментын ажилтан байсан таван америк хүнтэй албан ёсны бус уулзалт хийжээ.

Уулзалтаар 2008 оноос хойш зогсонги байдалд орсон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талын хэлэлцээг (БНАСАУ, БНСУ, ОХУ, Япон, АНУ) сэргээх тухай ярилцжээ. Талууд энэ асуудлаар өөр өөрсдийн байр суурийг танилцуулжээ. Ри Ён Хо Америкийн багц саналыг авч явсан ба түүнд хариу өгөх ёстой.

Энэ уулзалтаас өмнө, мөн онд Улаанбаатар 2009 оны гуравдугаар сард БНАСАУ-ын тусгай албаныхан 13 настай япон охиныг хулгайлсантай холбогдсон зөрчлийг зохицуулахад зуучийн үүрэг гүйцэтгэн Япон, Умард Солонгосын харилцааг бага ч гэсэн зөөлрүүлэх бололцоог идэвхтэй ашигласан билээ. Үүний үр дүнд тэр охин чухамхүү Монголын нутагт эх, эцэгтэйгээ уулзсан юм.

Монголын үйл ажиллагааны байдлаас үзвэл тус улс Умард Солонгостой хийх харилцаанд хандахдаа, зөвхөн эдийн засгийн тусламж, хамтын ажиллагаа, түүнчлэн яриа хэлцээ Умард Солонгост нааштай өөрчлөлт гарахад нөлөөлж болох цорын ганц боломж гэдэг итгэл үнэмшлийг иш үндэс болгож байна. Энэ утгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2013 оны аравдугаар сарын 28-29-нд БНАСАУ-д хийсэн албан ёсны айлчлал чухал үйл явдал боллоо.

Ким Жөн Уныг төрийн эрхэнд гарснаас хойших анхны гадаад улсын төрийн тэргүүний Пхеньянд хийсэн айлчлал болсноороо Монголын Ерөнхийлөгчийн айлчлал онцгой ач холбогдолтой болсон юм. Энэ айлчлал нэгдүгээрт, эдийн засгийн харилцан хамтын ажиллагааны хүрээг болон ядуурлын байдалд орсон Умард Солонгост Монголоос үзүүлэх тусламжийг үлэмж өргөжүүлснээрээ бас онцгой ач холбогдолтой болжээ.

Хэлэлцээний үр дүнд аж үйлдвэр хөдөө аж ахуй, тээвэр, шинэ төмөр замын барилга, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай чухал хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан билээ. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Ким Ир Сений нэрэмжит их сургуульд эрх чөлөө, хуулийг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх тухай утга төгөлдөр үг хэлсэн юм.

“Ямар ч дарангуйлал мөнх бус... Эрх чөлөөтэй амьдрах гэсэн хүмүүсийн эрмэлзэл мөнх” гэж Ерөнхийлөгч хэлсэн билээ. Тэрбээр умард солонгосчуудад Монголын замаар замнаж, шилжилтийн загварыг нь ашиглахыг зөвлөөд, тэгснээрээ ард түмэндээ эрх чөлөө олгохыг Пхеньянд дам уриалав. Танхимд цугларагсад – их сургуулийн профессорууд, оюутнууд түүний хэлсэн үгийн агуулгад ихэд гайхаж, илтгэгчид ганц ч асуулт тавиагүй боловч үг хэлж дуусахад удтал алга ташжээ.

Дээр дурдсан уриалгыг удаан хугацаанд үл ойшоох нь Ким Жөн Уны хувьд аюултай, учир нь алгуурлавал Монгол Улстай эдийн засгийн талаар хамтран ажилласнаар олох их ашгаасаа хагацаж болохыг тэмдэглэе. Одоохондоо Ц.Элбэгдорж хоёр улсыг илэрхий ойртууллаа. Хэлэлцэн тохирсон ёсоор Монгол Улс БНАСАУ-ын таван мянган иргэнийг эх орондоо ажиллуулахаар хүлээн авах болов.

Монголын барилгын болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч пүүсүүд Солонгосын 1700  ажилчныг хэдийн хүлээн аваад байна. Кимийн дэглэм тэдний цалингийн ихэнхийг авдаг боловч  гадаадад ажиллах нь тэдний аж амьдралд туйлын ашигтай юм. Түүнээс гадна гадаадад ажиллах нь тэдэнд шинэ ертөнцийг нээж, Пхеньяны суртал нэвтрүүлгээс өөр мэдээлэл авах бололцоо олгож байна.

Тэгвэл энэ нь тэднийг Солонгосын эрх баригчдад хандах хандлагаа аажим аажмаар өөрчлөхөд хүргэж болзошгүй гэж Солонгосыг судлаач барууны олонх шинжээч үзэж байгаа юм. 2013 оны есдүгээр сарын 15-нд Монголын нефть олборлогч болон худалдаалагч “HBoil” компани Солонгосын нефть боловсруулагч “Сангри” компанийн хувьцааны 20 хувийг худалдан авсан бөгөөд улсын мэдлийнх болох тус үйлдвэрт нефтийн түүхий эд нийлүүлэн, бэлэн бүтээгдэхүүн буюу бензин импортлон авахаа мэдэгджээ.

Монгол Улс аж үйлдвэр, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах замаар БНАСАУ-ын эдийн засгийг дэмжиж байна. Тэдэнд үүнд зарцуулах хөрөнгө мөнгө бий.  Монгол 2013 онд дэлхийн хамгийн амжилттай үйлдвэрлэгчдийн нэг байсан билээ. Уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн хэмжээ өсөн нэмэгдсэний ачаар тус улсын ДНБ 11,7 хувьд хүрсэн юм.

Энэ бүхэн  Монгол Улс БНАСАУ-ын эдийн засагт гүн гүнзгий нэвтэрснийг, мөн мэдээж хэрэг Умард Солонгосын стратегийн түнш болох эрмэлзлийг харуулж байна. Ингэхдээ Монгол өөрийн ашиг сонирхлыг орхигдуулахгүй байх нь ойлгомжтой. Хуурай газраар хүрээлэгдсэн тус улс усан замаар байгалийн баялгаа Азийн орнуудад экспортлохын тулд далайд гарах гарцыг шаргуу хайж байна.

Тийм учраас Умард Солонгосын Ражин боомт хүртэл төмөр зам тавих ажлаа гүйцэтгэж дуусгахыг Москвагийн эрх баригчдыг ятгаж байгаа юм. Энэ төмөр зам Монголыг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан БНАСАУ-тай холбоно. Магадгүй Монголын оролцоотойгоор энэ төсөл хэрэгжвэл, тус улс Умард Солонгосын зах зээлд гадаадын гол хувь нийлүүлэгч болно.

Харин БНАСАУ-ын хувьд батлан хамгаалалт, цөмийн хүчин чадлаа бэхжүүлэхийн зэрэгцээ эдийн засгаа хөгжүүлэх, шинэчлэх стратегийг шаргуу хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ найрсаг харилцаат Монгол болон Индонези улсаас тусламж аван хамтран ажиллахын тулд харилцаагаа өргөжүүлж байна. Монгол болон Умард Солонгос нь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн Хятад, Оросоос эдийн засгийн хараат байдлаа сулруулахаар эрмэлзэж байна.

Түүнээс гадна, хоёр улс геополитикийн адил төстэй ашиг сонирхолтой бөгөөд Төв болон Дорнод Азид Хятад, Орос ноёрхож буй учир бүс нутагт аюулгүй байдлаа хангах асуудалд адилхан сэтгэл түгшиж байна. Тэд маневр хийх орон зайг хадгалах сонирхолтой байна. Энд мөн хөрш гүрнүүдийн улс төр, эдийн засаг болон цэргийн  сонирхлоос бултан зайлж чаддаг баялаг туршлагатай, тэдэнтэй тэнцвэртэй, үр бүтээлтэй харилцаж чаддаг Монгол Улс нь БНАСАУ-ын хувьд тод жишээ болж болох юм.

Өрнөдөд “Гурав дахь хөршийн номлол ”-ыг илтгэдэг прагматик, олон чиг баримжаат Монголын гадаад бодлого нь тус улсад алс холын АНУ болон Европын гүрнүүдтэй ашигтай, ойр дотно холбоог хөгжүүлэх боломж олгож байна. Энэ жишээ болоод туршлага нь Солонгосын хувьд зөвхөн ихээхэн ашигтай байгаад зогсохгүй.

Өрнөдийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Монголын БНАСАУ- тай хийж буй улс төр, дипломат болон эдийн засгийн ажиллагаа нь Монголын хувьд Пхеньяны гадаад ертөнцтэй хийх харилцааг өөрчлөх, эдийн засгийг нь тогтворжуулах, түүгээр ч барахгүй улс төрийн тодорхой шинэчлэл хийхэд тус улсад туслахыг оролдож үзэх боломжийг бий болгож байна.

Мэдээж хэрэг, үүнийг Ким Жөн Уны дэглэмд нөлөөлөх Бээжин, Вашингтон, Москвагийн томоохон хөшүүрэгтэй зүйрлүүлшгүй. Гэхдээ БНАСАУ-ын талаарх Монголын бодлого нь Умард Солонгосын хэрэгт илүү ухаалаг бодлого явуулах замыг Өрнөдөд зааж өгч байна. Тэгвэл дипломат арга замаар үзүүлсэн дарамт шахалт, хавчин шахсан хориг арга хэмжээ, олон улсад ганцаардмал байдалд оруулсны аль аль нь 50 жилийн хугацаанд  Ким овогтнуудын дэглэмийг өөрчлөхөд нөлөөлж чадаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ улам бэхжүүлсэн.

Одоогийн байдлаар Обамагийн Засгийн газар Умард Солонгосын талаар “стратегийн хувьд хүлээцтэй байх” бодлого баримталж байгаа нь “юу ч хийхгүй” гэсэн үг юм гэж ажиглагчид үзэж байна. Энэ бодлого ямар ч үр дүн үзүүлэхгүй бол харин Монголын хөрөнгө оруулагч бөгөөд зуучлагчийн бодлого нь илүү их найдвар төрүүлж байна гэж ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор, “New Eastern Outlook” онлайн сэтгүүлийн тоймч Марк Гольман бичжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг