sonin.mn

БЭЭЖИН. /163/. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Монгол-Хятадын харилцааны хөгжлийн чиг хандлага, гол үүрэг, үндсэн үзэл санааг хамтран ярилцаж, тодорхойлно.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг илүү өндөр түвшинд хүргэнэ. Харилцан итгэлцлээ бэхжүүлж, бие биеийнхээ амин чухал эрх ашиг болон гол анхаарал тавьж буй асуудлуудаа харилцан дэмжих нь Хятад-Монгол хоёр улсын улс  төрийн харилцаагаа улам бүр хөгжүүлэх урьдчилсан нөхцөл болно. Хоёр орны тэргүүн нар энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Өнөөгийн нөхцөлд хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэх нь маш ашигтай бөгөөд алтан үетэйгээ золгож байна гэж хэлж болох юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяолуны хэлснээр, “тэнгэрийн цаг хугацаа” буюу цаг үеийн тохироо гэдэг нь хоёр улсын харилцааны хөгжил чухал үедээ ирээд байсан гэсэн үг юм. Хоёр улс хөгжлийг баримжаалсан, ард түмнийхээ амьжиргааг сайжруулах гол үе рүүгээ орсон байна.

”Газрын ашиг” буюу газар зүйн ашигтай байрлал гэдэг нь хоёр орон хөрш зэргэлдээ оршдог, маш урт газар нутгаар хиллэдэг, “байгалиасаа” л  хамтран ажилладаг түншүүд гэсэн утгатай. “Хүмүүний элгэмсэг байдал” буюу хүмүүнлэгийн нэгдэл гэдэг нь хоёр орны удирдагч нар, хоёр талын харилцааны хөгжлийг чухалчлан үзэж, хоёр орны ард иргэд хоорондын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэх нь хамтын ажиллагааны нийгэм болон олон нийтийн суурь улам бэхжиж байна гэсэн үг юм.

Ван Шяолун цааш хэлэхдээ, ”Монголын төрийн тэргүүн, удирдах хүмүүс болон нийт нийгэм, сэхээтнүүд, ард иргэд Си Зиньпиний айлчлалд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байна. Юу гэвэл өнөөдөр Монгол Улс тулгарч буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, удаан хугацаанд хөгжих чухал боломжийг олж авч чадна гэж үзэж байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар, Си Зиньпиний энэ удаагийн айлчлалаар дамжуулан Хятад-Монголын харилцаа урт удаан хугацааны, тогтвортой, эрүүл хөгжлийн шинэ үе шат руугаа орно. Түүнчлэн Хятад-Монголын эдийн засгийн худалдааны хамтын ажиллагааг шинэ тавцанд гаргаж тавина гэж итгэж найдаж байна.

Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн захирал Чи Шин хэлэхдээ, “Хятад улс яг одоо Хятад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Монгол Улс эдийн засгийн хөгжлийн зангилаа үе дээрээ оршиж байна. Энэ нь хоёр улс эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ утга агуулгатай болгох нь зайлшгүй юм гэдгийг харуулж байна.

Монгол-Хятад хоёр улс хоёулаа Зүүн Хойд Азид оршдог. Монгол Улс бол Хятадын чухал хөрш орнуудын нэг. Монгол Улсад хийж байгаа Си Зиньпиний энэ удаагийн айлчлал нь Хятад улсын хөрш орнуудтай хийх дипломат харилцаа, стратегийн бас нэг чухал алхам бөгөөд Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь дамжиггүй. Энх тайван, тогтвортой хөрш орнуудын орчныг бий болгоход чухал түлхэц болно.

Хятадын төрийн  удирдлагын шинэ баг бий болсноосоо хойш хөрш орнуудтай харилцах дипломат харилцаандаа урьд байгаагүйгээр их анхаардаг болсон. Өнгөрсөн оны 10 сард болсон Хөрш орнуудтай хийх дипломат харилцааны зөвлөгөөнөөс “Дотно, үнэнч, хөнгөлөлттэй, уужуу” гэсэн хөрш орнуудтай хийх дипломат харилцааны ойлголтыг тодорхойлсон.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн туслах Ши Юань Синьхуа агентлагийн сэтгүүлчид хэлэхдээ, ”Монгол Улс бол Зүүн Хойд Азийн нэгэн чухал стратегийн бүс. Хятад-Монголын харилцааны хөгжил нь Зүүн Хойд Азийн /ЗХА/ бүс нутгийн тогтвортой байдалд эерэг ач холбогдолтой. Өөр илүү өргөн хүрээнд буюу хөрш орнуудын хамтын ажиллагаанд ч эерэг үүрэг гүйцэтгэнэ”.

Тэрээр цааш нь хэлэхдээ, ”Хятад-Монгол хоёр орны харилцааны тогтвортой  хөгжил нь ЗХА-ийн  зарим нэгэн бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж буй тогтвортой хүчин зүйлийг арилгахад ашигтай. Ши мөн хэлэхдээ, “Си Зиньпин даргын Монгол Улсад хийж буй айлчлал нь Хятад улсын сайн хөрш, амар амгалан хөрш, баян хөрш гэсэн гадаад харилцааны бодлого чиглэлийг дахин тодруулж харуулж байна. Хөрш орнуудтай хийх гадаад дипломат харилцаанд бас нэгэн чухал алхам боллоо гэж дүгнэж байна.

Хятад-Монгол хоёр орны хооронд ямар нэгэн шийдвэрлэгдээгүй түүхэн асуудал байхгүй, хоёр улсын хилийн зурвас нь маш тодорхой бөгөөд хоёр улсын хил нь тайван амгалан байна. Гао Шу Рун хэлэхдээ, “хилийн асуудлаар Хятад-Монгол хоёр улс маш үлгэр жишээ байдлыг үзүүлж байгаа. Хөрш орнуудын дунд Хятад-Монгол хоёр улс сайн хөршийн харилцаатай байгаа нь бусад хөрш орны анхаарлыг татаж байна.

Хуан Жиакүй хэлэхдээ, “Си Зиньпиний Монгол Улсад хийх гэж байгаа айлчлал нь олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт стратегийн хамтын ажиллагаа болон зохицуулалтыг үргэлжлүүлэн бэхжүүлж өгөх болно.

Бүс нутагт алсдаа үзүүлэх нөлөөллийн хувьд авч үзвэл, энэ удаагийн айлчлал нь ЗХА-ийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай байх нь дамжиггүй юм.

Б.Мөнхтуул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг