sonin.mn

УЛААН-ҮД. /Байкал24/. “Ялалтын төлөөх бахархлын гал” олон улсын залуучуудын дөрөв дэх удаагийн аяллын баг наймдугаар сарын 18-нд Орос, Монголын хил дээр иржээ. Аяллын багийнхан Буриадын Хиагт хотод Аугаа их эх орны дайн болон Халхын голын тулаанд оролцож байсан ахмад дайчидтай уулзаж, Орос, Монголын найрамдлын музейг үзэж, дурсгалын газрын Мөнхийн галыг асаасан байна.

Уг аялал өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Эрхүү хотоос эхэлсэн юм. Аяллын баг нийтдээ таван мянган км зам туулна. Тэд одоо Монголын нутагт Халх голын тулаан болж байсан газрууд болох Алтанбулаг-Сүхбаатар-Дархан-Улаанбаатар-Багануур-Өндөрхаан-Чойбалсан- Сүмбэр сум гэсэн чиглэлд аялна.
Аялалд оролцогсод “КАМАЗ” автомашинаар аялж байгаа юм.

Энэ  хүчтэй техникийг Оросын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн тусгай зарлигаар төслийг зохион байгуулагчдад гарган өгчээ. Ардын фронтын идэвхтнүүд аяллын явцдаа багана хөшөө, дурсгалын цогцолборын байдал болон Мөнхийн гал бүхий дурсгалын газар ажиллаж байгаа эсэхийг шалгах аж. Энэ нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Ардын фронтын удирдагчид шууд өгсөн даалгавар юм.

Хил давсны дараа аяллын багийн бүрэлдэхүүнд багтсан Оросын 46 оролцогчтой Монголын 75 оролцогч нэгдлээ гэж Эрхүү мужийн байлдааны ажиллагаанд оролцогсдыг дэмжих  “Ахмад дайчин” сангийн дарга, Афганистаны дайны ахмад дайчин Олег Торский ярьжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг