sonin.mn

Фенобарбиталыг (худалдааны нэршил нь люминал) анх 1904 онд анх гаргаж авсан бөгөөд 1912 онд Bayer хэмээх эмийн компани үйлдвэрлэн зах зээлд гаргасан байдаг. Энэ үеэс эхлэн люминалыг тайвшруулах, нойрсуулах зорилгоор өнөөг хүртэл хэрэглэж байна. Харин арай хожуу түүний таталтын эсрэг үйлдэлтэй болохыг тогтоосон байна.

Фенобарбитал нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон Монгол улсын Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд байдаг бэлдмэл болно.

Фенобарбитал нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дарангуйлах үйлдэлтэй тул зөвхөн эмчийн жороор олгоно. Өндөр тунгаар судсанд тарьж таталт намдаадаг бол бага тунгаар тайвшруулах, нойрсуулах зорилгоор уулгаж хэрэглэнэ. Хөхүүлсний /хооллосны өмнө, дараа хэзээ ч уулгаж болно. Уухад үйлдэл 20-60 минутад эхэлж 10-12 цаг үргэлжилнэ. Хоол боловсруулах замаас маш сайн шимэгдэнэ (90%). Бэлдмэлийг нойрсуулах зорилгоор хэрэглэхдээ унтахаас 30-60 минутын өмнө уулгана.

Фенобарбитал эмийг 100 мг, 5 мг гэсэн 2 хэлбэрээр гаргаж байгаа. Фенобарбитал эмийг хүүхдэд кг жинд нь тооцож өгдөг ба 5 мг савалгаатайг нь голдуу хэрэглэдэг.

Илэрч болзошгүй гаж нөлөө: Нойрмоглох, зүрхний цохилт цөөрөх, даралт буурах, огих, бөөлжих, амьсгал дарангуйлагдах, арьсаар тууралт гарах, судаслаг хаван үүсэх зэрэг гаж нөлөө гарч болно.

Төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдсан, амьсгалын зам, элэг, бөөрний хүнд эмгэгтэй хүмүүс, порфири өвчтэй, жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхгүй бөгөөд зайлшгүй шаардлагатай бол маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Парацетамолтой хэрэглэх тохиолдолд люминалын эмчилгээний үр дүн буурч болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Анхааруулга:
Энэ эмийг авахдаа эцэг эхийн зүгээс:

1. Тун хэмжээ, хугацааг нь сайн харж авах
2. Эмчийн бичсэн жортой эмийн тунг тулгаж харах
3. Яг хүүхдэд хэрэглэх тунгаар байгаа эсэхийг эмийн сангийн жор баригчаас лавлаж асуух хэрэгтэй.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар