sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС. /Itar-Tass/. Америкийн Нью-Жерси муж улсад баривчлагдсан, Сиэтл хотын /Вашингтон муж улс/ оршин суугч, 27 настай Али Мухаммад Браун дөрвөн хүний амийг санаатайгаар бүрэлгэснээ хүлээжээ. Тэрбээр энэ үйлдлээ Ойрхи Дорнодод явуулж буй АНУ-ын эрх баригчдын бодлогын хариуд авсан өшөө гэж нэрлэсэн байна.

Гэмт этгээд Вашингтон муж улсад гурван эрэгтэйг буудсаныхаа дараа Нью-Жерси муж улс руу зугтан 19 настай оюутны амийг хөнөөсөн гэж “Los Angeles Times” сонинд мэдээлжээ. Вашингтон муж улсын Кинг тойргийн Прокурорын газрын мэдээллээр, Браун дөрвөн хүний амийг хөнөөснөө хүлээгээд, энэ нь “АНУ-аас Сири, Афганистан болон Иракт явуулж буй ажиллагааны хариу” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр дээрх гэмт хэргийг 2014 оны 4-6 дугаар сарын хооронд үйлджээ. Прокурорын газар Браунд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноохоор төлөвлөсөн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг