sonin.mn

АНКАРА. /Reuters/.  Туркийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Режеп Тайип Эрдоган өөрийнхөө халааг авах ерөнхий сайдаар Гадаад харилцааны сайд Ахмет Давутоглуг нэрлэлээ.

Арван нэг жил ерөнхий сайд байсан Эрдоган энэ сарын 10-нд болсон улсынхаа ерөнхийлөгчийн анхны шууд сонгуульд ялсан юм. Эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын уулзалтын дараа Эрдоган тус намын дараагийн удирдагч, ерөнхий сайдад Давутоглуг нэр дэвшүүлжээ.

Ахмет Давутоглу нь Эрдоганы дипломат зөвлөх болохоосоо өмнө олон улсын харилцааны чиглэлээр профессор болсон байна. Тэрбээр 2009 онд Туркийн Гадаад харилцааны сайд болсон юм. Ерөнхий сайдын суудалд ойрын туслахаа Эрдоган нэр дэвшүүлж байгаа нь ерөнхийлөгчийн хувиар өөрийн эрх мэдлээ бэхжүүлэх зорилготой байгаа нь илэрхий байна.

Давутоглу хөрш улсуудтай харилцаагаа сайжруулахаар хүчин чармайлт гаргасан ч гурван жилийн өмнөх ардчиллын бослогоос хойш Сири болон Египеттэй тааруу харилцаатай байгаа билээ. Давутоглуг ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг тус улсын сөрөг хүчний намууд эсэргүүцэж магадгүй.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг