sonin.mn

ВАШИНГТОН.  /ITAR-TASS/. АНУ-ын эрх баригчид Украины үйл явдлын улмаас ОХУ-д авсан хориг арга хэмжээнд нэгдэхийг дэлхийн янз бүрийн улс орныг ятгах гэж оролдож байгаа.

Төрийн департаментын зохицуулагч, Элчин сайд Даниел Фрид энэ тухай Литвийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн бөгөөд үүндээ БНХАУ-ыг дурдсан байна. Ийм мэдээлэл гарсан болохыг АНУ-ийн Төрийн департамент нотолжээ. Хориг арга хэмжээнд АНУ болон түүний ойр холбоотнууд, юуны түрүүнд, Европын Холбооноос гадна оролцох улсуудын тоонд Норвеги, Швейцарь хоёрыг дурдсан байна.

Түүний хэлснээр, энэ хоёр улс нь ЕХ-нд нэгдээгүй ч гэсэн "ЕХ-ны хориг арга хэмжээг дэмжиж байгаа". Бид мөн Өмнөд Солонгос, Сингапуртай ярьж, мөн БНХАУ-тай зөвлөлдсөн, цаашид зөвлөлдөх болно” гэсэн байна. Тэрээр хориг арга хэмжээ Орос улсад ямар хэмжээний хохирол учруулах талаар тодорхой хэлж чадаагүй бөгөөд "хохирлын хэмжээг тоогоор илэрхийлэхэд хэцүү боловч, бидний бодлоор, шууд нөлөө бодитой байх бол, шууд бус нь  бүр ч их байх болно" гэжээ .

Хэдий тийм ч Вашингтон ОХУ-тай "шинэ хүйтэн дайн" дэгдээх гээгүй гэдгийг тэр нотолсон байна. Фрид үйл явдал хориг арга хэмжээ авахад хүрсэнд харамсаж буйгаа илэрхийлээд,  АНУ, ОХУ-ын харилцаа “илүү бүтээлч” шатандаа эргэж орно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг