sonin.mn

МОСКВА.  /RIA Novosti/. АНУ-ын Фергюсонд өсвөр насны хар арьст хүүхдийг буудсанд буруутгагдаж байгаа цагдаа Даррен Вилсоныг дэмжих кампанит ажлын үеэр дөрвөн өдрийн дотор 157000 доллар цугларсан байна.

Хандив өгсөн хүмүүсийн тоо дөрвөн мянга дөхөж байна. Ямар хүн алдартай сайтаар дамжуулан хандив цуглуулах ажлыг зохион байгуулсан нь тодорхойгүй байна.
 
"Би шударга, хараат бус мөрдөн шалгалт хийгээсэй, тэр цагдаа ажлаасаа халагдаад амар амгалан амьдарч, Фергюсонд амар амгалан тогтоохын төлөө бурханд залбирч байна” гэж хандив өгсөн нэгэн эмэгтэй бичсэн байна.

18 настай Майкл Брауныг хөнөөсөн хэрэг 8 дугаар сарын 9-нд Фергюсонд  гарсан байна. Өсвөр насны зэвсэггүй хүүхдийг цагдаа Даррен Вилсон бууджээ. Үүний дараагаар хотод эмх замбараагүй байдал үүсэж, үймээнийг тараахын тулд цагдаа нарын хэрэглэсэн нулимс асгаруулагч хий, резинэн суманд хэд хэдэн хүн өртөж гэмтжээ. Фергюсоны хүн амын 65 хувийг эзэлдэг хар арьст иргэд өөрсдийг нь цагдаа нар байнга хавчин гадуурхдаг талаар үргэлж гомдоллодог билээ.

Жагсагчдын дийлэнх нь Вилсоныг баривчилж, шүүхийг шаардаж байгаа юм. Мөрдөн байцаалтын үеэр Вилсон цалинтай чөлөөтэй байх юм. Түүний эсрэг ямар ч албан ёсны хэрэг үүсгээгүй байна. Вилсон нь ажилдаа эргэж орох бол наад зах нь хоёр сэтгэл зүйн шалгалт өгөх болно гэж СNN сувгаар мэдээлсэн байна.

Хэрэг холбогдон хотын цагдаагийн дарга түүний нэрийг нийтэд зарлатал Вилсон 8 дугаар сарын 15 хүртэл олны өмнө гараагүй байсан юм. Түүний интернэт дэх бүх хаяг болон мэдээллийг цагдаагийнхан хаасан байна. Yahoo! News  дээр гарсан зураг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсан ганцхан зураг байсан юм.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг