sonin.mn

ЗҮРХ, Өвөр Монгол. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ терроризмтой тэмцэх олон улсын сургуулилт өнгөрсөн амралтын өдөр эхэлжээ.

Хятад, Казахстан, Киргизстан, Тажикстаны жанжин штабын дэд дарга нар болон ОХУ-ын Дорнод цэргийн командын дэд командлагч “Зүрх” бэлтгэл сургуулилтын баазад болсон сургуулилтын нээлтийн ёслолд оролцсон байна.

Өчигдөр эхэлсэн “Энхийн ажиллагаа-2014” хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд терроризм, салан тусгаарлах үзэл, хэт давруу үзэл гэсэн “гурван муу хүч”-ийг дарах зорилготой.

Хятад, ОХУ, Казахстан, Киргизстан болон Тажикстаны нийт 7000 цэрэг энэ сургуулилтад оролцож байна. Мөн уг сургуулилтад танк, хуягт тээврийн хэрэгсэл, сөнөөгч нисэх онгоц болон нисгэгчгүй нисэх онгоцыг оролцуулж байгаа ажээ.

Хятад, Казахстан, ОХУ, Тажикстан болон Узбекистан нь 2001 онд Шанхайд байгуулагдсан ШХАБ-ын гишүүн юм. Харин Афганистан, Энэтхэг, Иран, Монгол болон Пакистан нь тус байгууллагад ажиглагчийн статустай. Тэгвэл Беларусь, Турк болон Шри-Ланк нь ШХАБ-ын яриа хэлцээний түнш билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг