sonin.mn

БАНГКОК. /Itar-Tass/. Таиландад тавдугаар сарын 22-нд болсон цэргийн эргэлтийн дараа хориглосон хиймэл дагуулын телевизийн 12 сувгийн үйл ажиллагааг сэргээхийг цэргийн эрх баригчид зөвшөөрчээ. Энэ тухай тус улсын Радио, телевизийн нэвтрүүлгийн үндэсний комисс мэдээлсэн байна.

Түр хугацаанд хориглоод байсан телевизийн сувгуудын дийлэнх нь зөрчилдөөн нь цэргийн эргэлтэд өдөөн турхирсан улс төрийн хүчнүүдийн мэдэлд байсан байна. Тухайлбал, телевизийн “Блю Скай” суваг Засгийн газраа эсэргүүцсэн гудамжны ажиллагааг Бангкок хотод хагас жилийн турш зохион байгуулсан сөрөг хүчний гол дуу хоолой болж байжээ.

Чухам ямар тусгай болзолтойгоор хиймэл дагуулын телевизийн сувгуудын үйл ажиллагааг сэргээсэн талаар мэдээлээгүй байна. Гэхдээ, Таиландын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн өмнө нь мэдээлж байснаар, наймдугаар сарын эхээр телевизийн сувгуудын удирдлагууд цэргийн эрхтнүүдтэй уулзжээ. Уг уулзалтын үеэр эрх баригч цэргийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар “бүх талыг хамарсан мэдээллээр ард олныг хангах” болзолтойгоор хамтран ажиллахыг санал болгосон байна.

Тавдугаар сарын 22-нд болсон цэргийн эргэлтийн дараа Таиландын телевизийн сувгууд бүгд хэд хоногийн турш хаагджээ. Дараа нь 12 сувгаас бусад сувгууд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна.

Таиландад цэргийнхэн төрийн эргэлт хийж, иргэний засгийн газрыг унагаж, сенатын танхимыг тарааж, Үндсэн хуулийн үйлчлэлийг түр зогсоож, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоожээ. Засгийн эрхэнд Таиландын хуурай замын цэргийн командлагч, генерал Прают Чан-Оча гарсан байна. Түүний хэлснээр, армийн энэ ажиллагаа 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн үргэлжилсэн Засгийн газрыг эсэргүүцсэн ажиллагааны хариуд авсан үйлдэл ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг