sonin.mn

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форумын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Бурууд нүд хурц” гэрэл зургийн уралдааныг ирэх 10 дугаар сарын 31-нийг хүртэл зарлалаа.

Уралдааны сэдэв нь хүнс, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буй үйл ажиллагааны тухай гэрэл зураг байх шаардлагатай бөгөөд гэрэл зургийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  mergejliinhyanalt@gmail.com хаягаар ирэх 10 дугаар сарын 31 хүртэл хүлээж авах юм байна.

Ирсэн гэрэл зургуудыг МХЕГ-ын цахим хуудсанд байршуулан олон нийтийн /facebook/ сүлжээгээр хамгийн олон like, share авснаар нь шалгаруулах аж. Хууль тогтоомж зөрчсөн, болзошгүй эрсдэл нүүрлэсэн үйлдэл, тулгамдсан асуудлыг зөв олж харан оновчтой илэрхийлсэн, асуудал дэвшүүлсэн гурван бүтээлийг шалгаруулна. Шалгарсан бүтээлийг мөнгөн шагналаар шагнах ба дэмжигч хувь хүн, байгууллагуудын нэрэмжит шагнал гардуулах аж. Мөн шаардлага хангасан шилдэг гэрэл зургаар үзэсгэлэн гаргах юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг