sonin.mn

Шүүхийн ерөнхйи зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн онцлох сэдэв нь шүүхийн салбар дахь технологийн шинэчлэл байлаа. Шүүх хуралдаанаас гарч байгаа шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор нийт шүүхүүдэд шүүх хуралдааны явцын дуу дүрс бичиж архивлах төхөөрөмж суурилуулжээ.

Ингэснээр шүүх хуралдааныг сонирхогч нь өөр танхимд байрлуулсан дэлгэцээр хуралдааны үйл явцыг шууд үзэх боломж олгож байгаа аж. Шүүхийг ийнхүү медиа тоноглолоор хангаснаар хуралдааны ил тод нээлттэй байх зарчим хангагдаж, шүүх хуралдааны бүхий л үйл явцыг харуулсан дуу, дүрс бичлэгийн архивын сан бүрдэж, хэргийн оролцогчид, иргэд хэдийд ч тэр бүгдтэй танилцах боломжтой болсон байна.

Шүүхийн салбарт хийж байгаа мэдээллийн технологийн энэхүү шинэчлэлтэй холбоотойгоор 21 аймаг болон Багануур дүүрэгт байрлах шүүхүүдэд видео хурлын систем нэвтрүүлжээ. Ингэснээр бүх төрлийн сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг зайнаас хийдэг болж, хэмнэлт гарган ажиллах боломжтой болжээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн цахим сан www.shuuh.mn вэб сайтыг ажиллуулах болсон аж. Уг цахим санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулсан бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой аж.

Нийт 100 мянга гаруй шийдвэрийг байршуулжээ. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 21-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгттэй холбогдох шүүх хурал болсон, болоогүй гэх зөрүүтэй мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Уг шүүх хурал болсон уу, болоогүй юу. Хэрвээ шүүх хурал болсон бол шийдвэрийг нь www.shuuh.mn-ээс харах боломжтой гэсэн үг үү” гэх асуултыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтанд тавихад тэрээр “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Шүүх хурал болоогүй” гэдэг тайлбарыг хийсэн.

Мөн зар тавигдаагүй байгаа” гэсэн хариулт өглөө. Техник, технологийн шинэчлэлтэй холбоотойгоор олны анхаарал татаж байгаа зарим шүүх хурлын үйл явцыг харуулсан бичлэгийг видео хэлбээр үзэх боломжийг бас олгож эхэлжээ.

Хамгийн сүүлд шүүхээс инженер Ц.Батыг 100 хоног саатуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн өргөн олны хэлэлцүүлэг болсон. Тэгвэл шүүх хурлын процессыг үзэх боломжтой юм байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг