sonin.mn

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсад Оросын соёлын жил болон Оросын IV кино өдрүүдийг энэ сарын 24-28-ны хооронд тэмдэглэж байна.

Тус кино өдрүүдийн хүрээнд орчин цагийн Оросын кино урлагийн шинэ бүтээлүүдийг олон нийтэд толилуулахаар бэлтгэсэн байна. Мөн Орос улсыналдарт жүжигчид, уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Тэдний ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзан “Орос Монгол хоёр улс эртний найрамдалт харилцаатай билээ.

Халхын голын ялалтын ойн хүрээнд кино өдрүүдийг тэмдэглэж байгаад баяртай байна” хэмээн талархал илэрхийллээ. Тус яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул хэлэхдээ, “Бид бага наснаас Оросын киног үзэж өссөн.

Сүүлийн жилүүдэд ч оросын кино өргөнөөр нэвтрэх болсон нь тун сайхан хэрэг. Энэхүү кино өдрүүдийг хүсэн хүлээсэн олон үзэгчид байгаа ” гэв. Тус кино өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотноо дөрвөн төрлийн кино гаргах бөгөөд оросын кино урлагийн жүжигчид Дархан-Уул ,Орхон аймгаар аялан киногоо үзүүлэх юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг