sonin.mn

Ажаа Гэгээнтний хандив тусламжаар барьж байгаа цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг ирэх пүрэв гарагт нээлтээ хийхээр зэхэж байна.

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн их цэвэрлэгээний ажилд нийтдээ 70 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон байна. Ажаа гэгээнтний өөрийн болон олон шавь, сүсэгтэн  олны хандиваар барьсан тус эмнэлэг нь нийт 75 ортой байх бөгөөд дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай байхаар төлөвлөжээ. Уг эмнэлгийг ийнхүү ашиглалтанд оруулж Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх юм.

Өнгөрсөн ням гарагт хэсэг залуус нэгдэж тус эмнэлгийн барилгын ажлын дараах их цэвэрлэгээ хийж гүйцэтгэжээ. Хүүхдийн төлөө хийсэн энэхүү буянт үйлсийн аяныг Монголын залуучуудын холбоо/МЗХ/-ноос санаачилж Энэрэл нигүүсэл оюун билгийн төв, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүс ОНӨААТҮГ, Цус сэлбэлтийн үндэсний төв, Залуу дугуйчин клубын хамт олон хамтран зохион байгуулжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг