sonin.mn

Дэлхийд хоёрдугаарт ордог Хятадын салхины эрчим  хүчний  үйлдвэрлэгч   “Goldwind Science and Technology Co.” компани ОХУ –д салхины эрчим хүчний үйлдвэр барина.

Энэ тухай өнөөдөр“Goldwind “ компанийн сувгийн  ханган   нийлүүлэлтийн  төслийн асуудал эрхэлсэн менежер   Крисси Ки оросын “Известия” сонинд ярьжээ. Түүний яриагаар,  хятадын компани нь ОХУ –тай хамтрах  бизнес төлөвлөгөө   гаргаад байгаа  бөгөөд энэ зунаас  тус бүлгийн гаргасан   төслийн дагуу хамтран ажиллах  оросын түншүүдээ  хайх идэвхтэй ажлыг өрнүүлээд байгаа аж.

Түүнчлэн БНХАУ -ын “Dongfang Electric Corporation” (DEC) болон “ Xian Electric Engineering” компаниуд тус сонинд  хятадын сэргээгдэх  эрчим хүчний өөр бусад компаниуд   оросын  зах зээлийг ихэд   сонирхож байгаа  тухай   мэдэгджээ.  Сэргээгдэх эрчим хүчний DEC( төрийн компани)   компанийн төлөөлөгчдийн уламжилж байгаагаар,  тус компани хоёрдагч эрчим хүчний технологид хөрөнгө оруулах боломжтой бөгөөд хамтрагч хайж байгаа  гэнэ.

Тухайлбал, гадаад орнуудад  салхины эрчим хүч гаргагч  төхөөрөмжийн   үйлдвэр байгуулах аж.  Мөн  тус компани  Орос улсыг ирээдүйтэй гол түншээ гэж үздэг байна.   “Dongfang Electric Corporation”  компаний Орос дахь төлөөлөгч Ви Жины яриагаар , 5 -р сард  “DEC “ компани  оросын “РАО Энергетические системы Востока” / “Дорнодын Эрчим хүчний систем” ХНН / компаний тэргүүн Сергей Толстогузовыг  үйлдвэртээ  урьжээ.

Оросын (“ РусГидро” компаний охин )  “РАО ЭС Востока”компанийн  хэвлэлийн албаныхны  тайлбарлаж байгаагаар,  хятадууд Якутад  нарны эрчим хүчийг ашиглах станц байгуулахын зэрэгцээ  дулааны эрчим хүчинд хөрөнгө оруулах  боломжтой   аж.   Одоогийн байдлаар хоёр тал ямар нэгэн  гэрээ хараахан  байгуулаагүй байна. Гэхдээ саяхан “РАО ЭС Восток” компаниас  Хятадтай хамтарсан энэхүү төсөлд  тус компани  78 тэрбум рублийн хөрөнгө оруулахад   бэлэн байгаа тухай мэдэгджээ.  

Москва хот.А.Огторгуймаа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг