sonin.mn

ТОКИО. /Itar-Tass/. Хөдөлмөрийн зах зээл дэх хомсдолыг бууруулахын тулд гадаадын ажилчдыг татах боломжийг Японы эрх баригчид судалж байна гэж тус улсын Төв банкны тэргүүн Харухико Курада мэдэгджээ.

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд болон ахимаг насны хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн нөхцөлд гадаадын ажилчдыг татах туршилтыг явуулна гэж тэрбээр АНУ-ын Вайоминг муж улсын Жексон-Хоул рашаан сувиллын газарт болсон Канзасын төв банкны жил тутмын бага хуралд үг хэлэхдээ онцлон дурдсан байна.

Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх болон олимпын наадмын өмнө улс орны хэрэгцээ шаардлагаас хамаарч цагаачдын тоог нэмэгдүүлэхийг хязгаарлахыг Японы Ерөнхий сайд Синзо Абэ идэвхтэй дэмждэг юм.

Тус улсын хүн амын тоо 2013 онд гурав дахь жилдээ буурсан байна. Аравдугаар сарын 1-ний байдлаар Японы хүн амын тоо 0,17 хувиар буурч 127,3 сая болсон бөгөөд 65-аас дээш насныхан хүн амын 25 хувийг эзэлсэн байна. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

Худалдааны татвараас эдийн засагт учирч буй хохирлыг багасгах зорилгоор ирэх санхүүгийн жилийн зардлыг бууруулахад Японы Засгийн газар нэг триллион иен /9,685 тэрбум доллар/ гаргах асуудлыг хэлэлцэж байгаа тухай “Nikkei” сонинд үүнээс өмнө бичжээ.

Нийгмийн зардалд зарцуулах хөрөнгө мөнгө олохын тулд худалдаанаас авах татварыг одоогийн 8 хувиас 10 хувь хүртэл өсгөх шаардлагатай эсэхийг онд багтаан шийднэ гэж тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг