sonin.mn

Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэнтэй цахим тендер болон тендерийн шалгаруулалт, ажлын явцын талаар ярилцлаа.

-Худалдан авах ажиллагааны газрын сүүлийн үеийн ажлыг явцын талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ жил хичнээн тендерийн ажлыг зохион байгуулж байгаа вэ?
-Засгийн газрын 2013 оны 408 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын зохион байгуулах төсөл арга хэмжээний жагсаалт батлагдсан. Тус жагсаалтад 126 төсөл арга хэмжээ тусгагдсан. Эдгээр нь орон нутаг газар зүйн байрлал, зориулалтаас хамаарч 272 багц тендер болж задарсан.

2014 оны эхний найман сарын байдлаар 272 багц тендреес 76.4 хувь буюу 298.6 тэрбум тендерийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулаад байна. Ажлын даалгавар ирсэн, тендер зарласан, үнэлгээ хийж байгаа ажлын гүйцэтгэлийг оруулвал ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай явж байна.

-Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа бүх тендер цахим хэлбэрт шилжсэн үү?
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг зүйл бол худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, хэмнэлттэй зохион байгуулах үүднээс 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн системийг 2012 оноос хэрэгжүүлж цахим тендер зохион байгуулж эхэлсэн.

2014 онд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага буюу худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа бүх тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна гэсэн заалт бий.

Энэ заалтын дагуу 2013 онд 25 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Аливаа системийг үйл ажиллагаанд оруулахын тулд тухайн системийн хэрэглэгчдийг чадавхижуулах шаардлага байдаг. Тиймээс Худалдан авах ажиллаганы газар аж ахуйн нэгж, иргэдэд зориулан долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байгаа.

Сургалтад өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 9000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна. Мөн үүнээс гадна хөдөө орон нутаг, аймгуудад цахим худалдан авах ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.

2014 онд орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүдийн худалдан авах ажиллагааны 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулах үүрэг чиглэлийг Шадар сайд болон Худалдан авах ажиллагааны газраас аймаг орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүдэд өгсөн.

Энэ хүрээнд орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжүүд энэ онд худалдан авах ажиллагааны 20-иос доошгүй хэлбэрээр зохион байгуулж ажиллаж байна.

- Цахим тендер зохион байгуулахад ямар бэрхшээл тулгарч байна. Алдаа дутагдал гарав уу?
- Дээр хэлсэнчлэн шинэ систем нэвтрүүлэхдээ хэрэглэгчдийг чадавхижуулах ажилд анхаарч сургалт зохион байгуулж ажиллаж байна. Эхний цахим тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд энэ системийн талаар ойлголтгүй байсан. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдэд цахим тендер шалгаруулалтын давуу тал болон шалгаруулалтын арга зүйг хүргэж ажилласан. Үүний дагуу хэрэглэгчдийг сургах хүндрэл нэлээд гарсан.

Мөн бусад төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох шаардлага тулгарсан. 2014 оны 3 сард Сангийн яамнаас хар жагсаалтад бүртгэгдсэн буюу тендер шалгаруулалтад орох эрхээ гурван жил хүртэл хасуулсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргасан. Хар жагсаалтан дахь аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь банкны тендерийн баталгаа болон банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар гаргасан байсан.

Энэ хүрээнд бид арилжааны есөн банктай цахим тендер шалгаруулалтын тендерийн баталгааг цахимаар гаргах, мэдээлэл солилцох гэрээ байгуулж ажиллаж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн тендерийн баталгааг хуурамчаар үйлдэх хар жагсаалтад орох, хууль бус үйл ажиллагаа явуулахаас хамгаалж өгч байна. Худалдан авах ажиллагааны серверийг тоног төхөөрөмжийн хамтаар 2014 оны гуравдугаар сард үндэсний дата төвд шилжүүлэн байршуулж

бусад төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй холбогдож цахим хэлбэрээр татвар төлөгчийн мэдээллийг тендер нээсэн өдрийн байдлаар авч байгаа. Энэ бол төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог сайжруулж байгаа нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл нөгөө байгууллагын мэдээллийг иргэдээс нэхэж хүндрэл учруулахгүй байх давуу тал бий болж байна.

Бид цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын төлөлт, тухайн аж ахуйн нэгжийн боловсон хүчний чадавхийн мэдээллийг авах талд хамтран ажиллаж байна. Мөн Авто тээврийн газраас авто тээврийн хэрэгслийн мэдээллийг авах юм бол тендер шалгаруулалтад оролцогчдын тоног төхөөрөмжийн мэдээллийг цахимаар шалгах боломж бий. Ер нь цаашид төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцоог өндөр төвшинд гаргах зорилт тавьж ажиллаж байна.

- Шинэ системийг хэзээ нэвтрүүлэх вэ. Бэлтгэл ажил хангагдсан уу?
- Аль ч улс оронд худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалт иргэдээс хардлага шүүмжлэл дагуулж явдаг. Энэ байдлаас гарах гарц бол цахим хэлбэрт шилжих гэж олон улсад үздэг. Мэдээллийг ил тод нээлттэй болгох, үнэлгээг шударга үнэн зөв явуулах ганц гарц бол цахим хэлбэрт шилжих юм. Ер нь цахим хэлбэрээр мэдээллийг шалгаснаар үнэлгээ ил тод болох, цаашид боломжит мэдээллийг цахим хэлбэрээр үнэлэх давуу тал бий болох ёстой.

Бидний ашиглаж байгаа цахим систем бол БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн. Гэвч мэдээлэл технологийн өндөр хөгжилтэй энэ үед нэг систем удаан амьдрах боломжгүй. Тиймээс зайлшгүй шинэчлэл, хөгжүүлэлтийг хийх шаардлагатай.

Энэ хүрээнд бид цахим худалдан авах ажиллагааны системийн хоёрдугаар үе шатыг 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулж худалдан авах ажиллагааны газраас тус тендер шалгаруулалтыг зарласан. Үүнд дотоодын “Интерактив” ХХК шалгарсан. Одоогийн байдлаар тус компанийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байна.

Тендерийн урилга нийтлэгддэг цахим хуудсыг сангийн яамнаас эрхлэн хөтөлдөг. Манай байгууллага цахим худалдан авах ажиллагаа буюу www.meps.gov.mnгэсэн цахим хаягийг хариуцаж ажилладаг.

Тиймээс энэ системүүдийг нэгтгэх, мөн төрийн сан, төсвийн төлөвлөлтийн системүүдтэй энэ системийг нэгтгэснээр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын төсвийн хөрөнгө зарцуулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын гүйцэтгэлийн хяналт зэргийг цогц байдлаар шийдэх хөгжлийн шинэ төвшинд гарах болно. Ирэх оноос худалдан авах ажиллагааны цахим системд том ахиц гарна.

Эх сурвалж: