sonin.mn

Баруун хөтлийн овооноос харахуйд Галшар сумын төв алган дээрх шиг илхэн. Зүүн биеэр нь байгаль эхийн мөнх цогцолбор, хэзээний нүднээ дасал болсон Бударын чулууны битүү асга хад яг л суудал булаалдсан шиг бие биетэйгээ шахцалдаж түлхэлцэж, хөглийн сүглийн овооролдож шавааралдсаар тэртээ өмнүүр хөндөлдөх Хүрэн өндөр хэмээх бүдүүн хэц ухаад тулж очно.

Хөглөрсөн их асгын хойт урд үзүүрт Цамба цагаан, Цагаан дэл гэсэн хоёр цагаан хад цайран гэрэлтэж үзэгдэх нь хотол их цогцолборын хормой хотыг бэхэлсэн хос мөнгөн даруулга гэлтэй.

Цагаан дэл! Харанхуй шөнө ч хаа холоос цайрч хавь ойрынхондоо баримжаа болон тодордог энэ гэрэлт цагаан хошуу овор дүрээрээ онцгойрч бусдыг татахгүй ч эргэх түүхийн хуудаснаа эгнэгт дурсагдах хувьтай байсныг мартаж яахин болох. Халх голын дайны хатуу бэрх тулаанд хатан зоригийг үзүүлж баатрын ёсоор амь эрсэдсэн эрэлхэг нэгэн хүүг энэ хангай л өлгийдөж авсан юм шүү!

* * *

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Гандангийн дэнж дэх хашаанд минь үлдэж хоцорсон "авдраа" очиж сөхтөл амьд сэрүүндээ сэтгүүлч бидэнтэй хамт үнэний эрэлд хатаж, аль 70-80-аад оноос Халх голын их ялалтын томоохон ойн нэвтрүүлгүүдэд оролцож байсан ахмад дайчдын яриа хөөрөө гарч ирж байна.

Монгол улсын баатар Лодонгийн Дандар:
-Шаарийбуу, хүрэн савхин дээлтэй, хроомон гуталтай, шинэ авсан хошууч цолоо зүүчихсэн, их гоё сайхан харагдсан, надад. Тэрээр намхан, шингэхэн үстэй, биеэр жижигдүү, нилээн хатуу захирамжтай, морин сургуульд сайн. Шаарийбуу бол эх оронч, шударга цэргийн даргын ариун сайхан нэр алдар, нам төрөөсөө өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн хүн гэж би боддог.

Дайсанд буудуулсан шархыг нь хүртэл би харсан. Зүрхнийхээ доод талд...(гараараа зааж) энэ хавьд 4-5 сум орсон байсан. Ээжийнхээ бэлзэг, улаан алчуураар амаа таглан барьж, хажуу тийш харж нас барсан байсан гэж шарилыг нь олсон хүмүүс над ярьдаг байсан...

Алчуур, бэлзэг хоёр бол Шаарийбуугийн хайрлаж нандигнаж явдаг зүйл, ээж, болзоот охин хоёрынх нь байсан нь үнэн. Эх орноо үүнтэйгээ л адилхан хамгаалж хайрлаж явсан гэж би боддог.


6 дугаар морьт дивизийн комиссар асан бэлтгэл хурандаа Дагаагийн Пэлжээ:
-Намуун томоотой, их аятайхан хүн. Зан авир сайхан, бие жижигхэн, моринд сайн ийм л хүн байсан. Ердөө л шавхийсэн дарга! Шигшиж л явуулсан байх л даа. Гурван жил болоод ирсэн, орос хэл мэддэг. Хэнтий аймгийн Галшар сумын хүнсэн. Тэр нутгийнхаа морь унах дуртай.

Мөн дивизийн бага даргын сургуулийн сурагч явсан Ноост овогтой Лэгжид:
-Шаарийбуу даргыг би ер нь маш их бодож явдаг. Их сайхан дөлгөөн тийм хүн байсан юм. Шаарийбуу дарга бол намхавтар нуруутай, их даруу, цэргүүдтэй маш их эелдэг харьцдаг сайхан хүн байсан.

Тавдугаар сарын 28-ны өдрийн тулалдааны үеэр бага даргын сургууль, Халхын гол хоёрын хооронд газрын хөрс хөдөлж байгаа юм шиг тийм их олон дайсан давшиж эхэлсэн. Дивизийн дарга Шаарийбуу: - Галлаад! гэсэн команд өгч бид зэрэг гал нээсэн. Дайсан ч давшихаа болиод бидэн рүү ширүүн галлаж эхэлсэн. Ингээд хоёр тал сэхээ самбаагүй тулалдаж эхэлсэн...

Нэг мэдэхэд өдөр дундын хэр болж байсан болов уу гэж санаж байна. Агаар харанхуйлж, дарь хүхэр үнэртээд, шатсан машин хуягтын улаан гал, хар утаа олгойдоод, ийм байсан. Энэ үед дивизийн дарга Шаарийбуу, сургагч Васильев нар бидэнтэй хамт байсан. -Дайсны хүч их байна, бидний хүч муудлаа, би одоо хүчин нэмэгдүүлэхээр явлаа, Намайг иртэл дайсныг барьж бай! - гэж хэлж байгаа Шаарийбуу даргын дуу нь сонсдож байсан...

Босоод явж байгаа юм болов уу гээд хажуу тийш харсан чинь өөрөө буудсан хэвээр л байсан.. Шаарийбуу дарга тэгэхэд винтовтой байгаагүй, нагаан буутай байсан. Тэнд нас барсан цэргүүдийн бууг авч буудаж байсан байх. Шаарийбуу дарга нэг мэдэхэд шархдаад суганаас нь цус гоожиж харагдсан...

Бид ч яахав, урагшаагаа ахисан. Дарга үлдсэн, тэгээд тэндээ нас барсан байх. Шаарийбуу дарга лав хорь гаруй, гучаад дайсныг устгасан гэж би боддог. Манай нөхөд ч тэгэж ярьдаг. Их баатарлагаар тулалдсан...

* * *

Буянт булгийн тунгалаг усны ундраа, Бударын чулууны сэжүүр- Цагаан дэл хэмээх довцогийн энгэрт тэртээх шороон тахиа жил буюу аргын 1909 оны хавар малчин ардын гэр бүлд нэгэн хөвгүүн мэндэлсэн нь удахгүй эх орноо харийн дайснаас халуун амь бүлээн цусаараа халхлан зориг баатарлагийг үзүүлэх хосгүй гавьяатан Чимэдийн Шаарийбуу байжээ.

Бяцхан хүү бага насаа эцэг эхийн гap дээр өнгөрүүлэхдээ унасан газар Цагаан дэлийнхээ өөхөн чулуугаар гэр мал болгож, Буянт булгийн тунгалаг урсгалд хомоол хоргол хөвүүлж, үеийн багачуудтай хоёр хажуугаар нь уралдан гүйж, хүн мал, хун цэн, дун хясааны жаргалын бүрд - Цагаан нуурт шумбан тоглодог байв. Тэднийх гурван хонь, хоёр ямаанаас өөр мал хөрөнгөгүй, амьдрал тарчиг байсны улмаас нутгийн баячуулд зарагдах, холын хошууны өртеө апбанд гэр орноороо хөөгдөх тоолонд айлын ууган хүүгийн ёсоор Шаарийбуу хар багаас хал үзэж хашир таньсан нэгэн.

Тэгээд ч малд нүдтэй, адуунд эртэй гэгдэж, газрын хол, усны уртад ган амгай зуувайж, гарын булчин чинэртэл дугтран тэмүүлэгч Галшар нутгийн гаргуун хурдан хөлгийн зоон дээр салхи татуулсаар эрийн цээнд хүрсэн билээ. Угийн авхаалж сэргэлэний дээр хар багаас хал үзэж, ухаан суусан жаал хүү сурах мэдэхийн хүсэлд автан нутгийн өвгөн "хангай" хэмээх Болдод шавь орж хуучин монгол бичиг заалган сурсан байлаа.

Чимэдийн Шаарийбуу 1932 онд эр цэргийн албанаа нас бие тэнцэж Өндөрхаан, Тамсагбулагийн цэргийн ангиудад алба хаахдаа сурлага сахилгаар нөхдөө манлайлж, цэргийн дүрэм яв цав биелүүлдэг, даруу төвшин зантай байлдагч болж, бага даргын сургууль төгсгөн сумангийн жагсаалын даргаар дэвшчээ. Тэрээр байлдааны болон улс төрийн бэлтгэлээр удаа дараа онц дүн үзүүлж, армийн командлалын шийдвэрээр цэргийн дунд сургуульд суралцах хүмүүсийг шалгаруулахад тэнцэн хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирэхээр умрыг зорьсон билээ.

Дандар баатар өгүүлрүүн:
-Зуун гучаад хүн Тамбовын морин цэргийн сургуульд очсон. Түүний дараа 6-7 хүн нэмэгдэж очсон. Энэ дотор Чимэдийн Шаарийбуу байсан юм. Бид нэг салаа, тасагт, нэг дор байсан. Бид гурван жил гаруй нэг дор сурсан. Шаарийбуу тасгийн дарга, сапааны туслах, жагсаалын дарга хийж явсан.

Шаарийбуу сургуулиа онц төгссөн. "Тамбовское Краснознаменное Ковалериское училище имени Первой Конной Армии" гэсэн нэртэй сургуулийн Улаан тугийн одонт тугийн дор хоёрхон хүн зургаа татуулсан байдаг. Нэг нь Чижов! Чимэдийн Шаарийбуугийн орос нэр нь ингэж байсан. Нөгөө нь Нэрэн гэж! Нэрэнгийн Зундуй гэж Халх голд алдаршсан энэ хүн сая очиход нас барсан байсан.

Бидний дотроос хамгийн дээгүүр том тушаал авсан нь ангийн даргаар ахлах дэслэгч цолтой дэвшсэн Чимэдийн Шаарийбуу байсан юм. Тэрээр маршал  Чойбалсангийн тушаалаар Тамсагийн 6-р морьт дивизийн тагнуул ангийн даргаар томилогдсон.


Өнөр бүлийн гишүүн, айлын ууган хүү Шаарийбуугийн баатарлаг үлгэр дууриал нь олныхны удам, орой зулайгаа дэрлэж төрсөн дүү нартаа хүртээл болон уламжлагдсаныг түүний уугуул нутгийн хүн, дайны үеийг оролцуулаад 14 жил сум орны удирдлагад ажилласан, нутаг нэгтэн эрэлхэг дайчныхаа алдрыг тодруулах санааг оройлон хошуучилж эхлүүлсэн, ахмад дайчин Донойн Даваажанцан агсны амьд сэрүүндээ гэрчилсэн бичлэг энд байна.

-Шаарийбуу зургаан дүүтэй хүн байсан. Төрсөн дүү Батсүх нь гучаад оны сүүлчээр ахтайгаа нэг үед юм даа, ардын армийн 10-р дивизэд алба хааж эх орныхоо урд    хилийг хамгаалж байсан. Үүнээс гадна Шаарийбуугийн бас нэг төрсөн дүү Чүлтэмсамбуу гэж бий. Тэр ардын армийн 7-р дивизэд алба хааж эх орныхоо зүүн урд хилийг хамгаалж явсан.

Чүлтэмсамбуу 45 оны Чөлөөлөх  дайнд биеэр оролцсон  хүн. Нөхөр Чүлтэмсамбуутай ...дугаар дивизийн бүрэлдэхүүнд багталцаж явсны хувьд би үүнийг мэдэж байгаа юм... Шаарийбуугийн өөр хоёр ч дүү Сэдэд, Шагдар нар бас цэргийн алба хааж ирээд орон нутагтаа нэгдэл, сангийн аж ахуйд мал маллаж байсан.

Ингээд бодох дээр жирийн малчин Цэндийн төрүүлж өсгөсөн, нэг эхийн таван хүү нам засгийнхаа хайр халамжаар цэргийн эрдэм боловсрол эзэмшээд жирийн байлдагчаас дивизийн дарга хүртлээ зарим нь дэвшиж, төрөлх эх орныхоо өнцөг буланг хамгаалж, үүргээ нэр төртэй биелүүлж байсан ийм улс юм. Энэ бол манай залуу хойч үеийнхэнд ахмад дайчдын сайхан үлгэр дууриал мөн гэж би бодож явдаг.

* * *

Халх голын тухай "Зэвсэг нэгт нөхөд" гэсэн алдарт роман бичсэн Зөвлөлтийн нэрт зохиолч Константин Симонов уншигчдын нэгэн бага хурал дээр "Гавьяа" гэдэг үгийг яаж ойлгох вэ? гэсэн асуултад хариулахдаа: -Үүрэг биелүүлэх үед тохиолдох аюулыг зориг баатарлагаар сөрж, амь насаа өгөхөд ч бэлэн байх явдал. Үүргээ эцэст нь хүртэл биелүүлээд үүнээсээ давуулж ихийг биелүүлсэн байвал үүнийг гавьяа гэж сая нэрлэж болно гэж хэлсэн байдаг.

Аавын хүүгийн авхаалж эрдэм, ажилч чанар, алд биеэ эзэмдэх чадвар, ээжийн хүүгийн эр зориг, элбэрэлт санаа, эх орноо гэсэн гал халуун сэтгэлийг өвлөн эзэмшээд гуч хүрэхтэй үгүйтэй насандаа нэгэн биеийн бололцоонд яаж багтаа вэ гэмээр амьдралыг туулж, ихийг бүтээн алдар хүндэтгэлийг хүлээсэн Чимэдийн Шаарийбуу болон түүний дайчин нөхдийн тухай үнэлэх юм бол энэ л тодорхойлолт хариу өгөх болов уу гэж бодогдоно.

* * *

Аль гуч дөчөөд жилийн өмнөөс зөвхөн сэтгүүлч бид төдийгүй уугуул нутаг усныхан маань эх орныхоо төлеө амь эрсэдсэн эрэлхэг хүүгийнхээ зүүж амжаагүй баатрын алдрыг нэхэн олгуулахаар нутгийн удирдлагаараа уламжлан хүсэлт тавьж, тэдний төлөөлөл ороогүй газар, уулзаагүй хүнгүй билээ. Өчүүхэн сэтгүүлч миний бие эдгээр улиран өнгөрсөн он жилүүдэд Халх голын тулалдааны тэгш ой тохиох бүрийд Шаарийбуу дайчны талаар хөндөж радио телевиз гээд ярьж дуугарч болдог бүхнээр дуугарахыг хичээж, төвийн нэр хүндтэй гол хэвлэлүүдэд чадлын хэрээр бичиж нийтлүүлэхийг чармайж ирснийг маань сонор содон түмэн олон андахгүй биз.

Тэглээ гээд тэр бүхэн усанд хаясан чулуу шиг сураггүй болдог нь бас жам мэт давтагдаж ирсэн. Дивизийн дарга Ч.Шаарийбуу гавьяа байгуулах байтугай дайны талбараас дайсанд урвасан гэх мэт хэний ч санаанд багтамгүй гүтгэлэг, эргэлзээ тээнэгэлзээний үнэн мөнийг тодруулахаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Б. Шагдараар ахлуулсан цэргийн мэргэжилтэн, хуульч, шинжээчдээс бүрдсэн комисс томилогдон ажиллаад дээрх эргэлзээ сэрдлэг ямар ч үндэслэлгүй гэдгийг тогтоосноо төвийн хэвлэл мэдээллээр толилуулсныг уншигч түмэн хэдийнээ олж үзсэн байгаа.

"Далан жил дарагдсан гавьяа" гэсэн нийтлэл маань таван жилийн өмнө "Өнөөдөр" сонины дугаарт нийтлэгдэж байсан тэр үед Их ялалтын 70 жилийн ойтой давхцаж Чимэдийн Шаарийбуу агсны мэндэлсний 100, эх орныхоо төлөө амь насаа өргөсний нь 70 жилийн ой тохиож байсны учир өчүүхэн сэтгүүлч бид мэт төдийгүй өргөн түмний төлөөлөл ч өргөх үгээ дээш дээш нь дэвшүүлэн учирлаж, өрлөг төрийн минь тэргүүн ч өршөөлийн мутраа хичээн сунгаваас Монгол түмэн тэртээ он жилүүдэд тэнгэрт хальсан тэнгэрлэг нэгэн хөвгүүнийхээ сүнсийг нэгэнтээ ч атугай баярлуулахсан даа гэж хүлээж суусан маань бас л талаар болсон билээ.

Ардчилалтай золголоо, алтан нар мандлаа гэж баярлахдаа Ардын уран зохиолч, төрийн соёрхолт яруу найрагч Шаравын Сүрэнжав Халх голын хагас зууны ойгоор Дивизийн дарга Шаарийбууд зориулж бичсэн шүлгээс нь цөөн мөр энд ишлэе. (өөрийн нь болгоосноор)

...Бүдгэрсэн оддыг шөнийн харанхуй тодосгон хурцалдаг байтал
Хилсдэлийн хар нөмрөгийг хуучин хаялгүй хичнээн удав аа?
Хэлмэгдпийн харанхуй тамыг эвдэн нураалгүй хэдий болов оо?
Эсэргүү гэдэг нэр Шаарийбууд
Эгнэгт зохихгүй
Энэ нэрийг Шаарийбуу
Хэрхэвч хүлээхгүй, хүлцэхгүй
Үхсэн хүнийг нэмж "ална" гэж байж болох уу
Үнэндээ нэр төрий нь хугалахаас илүү аллага гэж байх уу
Үхсэн хүнийг дуудан босгож болно гэж үү
Үнэний шүүхийн өмнө тэр ахин босч ирэх гавьяагүй гэж үү
Тавин жил тэр алдар ч үгүй, зүс ч үгүй, овгор шороонд дараастай хэвтлээ
Тавин хаврын бороо дээр нь асгарч тэнгэр гунихран уйллаа
Тавин намрын хяруу дээр нь дарайж, цэцэгс ганихран гандлаа
Үнэний цаг ирж, эдүгээ тэнхрэн босохын увидасыг оллоо
Үхсэн хүн амь орж, хэлгүй хүн дуугархын шид бүрдлээ
Дивизийн дарга Шаарийбууг эх орон нь мартсангүй, дуудан босголоо
Эр цэргээ эх орон нь мартдаггүйн жишээ энэ ээ!
Дээдлэн санах Монгол орондоо тэр
Цагаан мориор хүлэглэн ирлээ
Үхсэн хүнд алдар хэрэгтэй
Амьд хүнд үнэн хэрэгтэй
Дивизийн дарга Шаарийбуугийн
Тэнгэрийн дор алхсан мөр энэ ээ!
Дивизийн дарга, эрэлхэг дайчин Чимэдийн Шаарийбууд олгох ёстой эрхэм дээд цолны асуудлыг өнөөдөр эргэн харахуйд "Харахад ойрхон, хазахад хол" гэсэн хуучин оньсогонд шинэ тайлал хайх хэрэгтэй болж байх шиг санагдана. Түүнээс биш, цэрэг эрийн мөрдөс зүүж амьдралын гараагаа эхлүүлж, ахмад үеийнхний баатарлаг дайчин уламжлалаар сэтгүүлчийн тэмдэглэлийн дэвтрээ нээсэн өөдрөг сэтгэлээр хэний ч ард орохгүй өнөөгийн төрийн тэргүүн маань ийнхүү олны хүлээлттэй, барин тавин асуудлыг дуулсан ч дуулаагүй, мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэн алгуурлаж, гэдийж цахалж суухгүй болов уу гэх итгэл төрнө.

Лавтай эсэхийг үл мэдэх дам сураг сонсвоос цагтаа ямар ч үнээр олдсон гавьяа зүтгэл байлаа гээд хожмын хойт өдөр алдар цол нэхэн олгодоггүй зарлиг айлдвар гарсан юм гэх. Энэ үнэн бол юутай харамсалтай! Уул нь тун саяхан болтол бусдад нэхэн олгож байсан баримтыг зон олон мартаагүйсэн билээ.

Хууль зарлиг хичнээн ч бай, амьдралд үл нийцвээс өөрчилж шинэчилж болдог жамтай. Харин үнэний төлөө, эх орны сөөм газар шорооныхоо төлөө хоёргүй сэтгэлээр өргөсөн амь, хосгүй гавьяаг бурхан, буг ч бай, хэн ч үгүйсгэж доромжилж үл чадмуй. Үхэлтэй хамт гавьяа бас мөнх гэдэгтэй хэн ч маргахгүй!

Иймийн учир өөрчилж "болдоггүй" өөтэй тэр шударга бус айлдвараа эргэж харахыг төр засгаасаа гуйя, түмэн олны өмнөөс евдөг сөгдөн мөргөе! Төрийн хууль зарлигийг хэрэгтэй үед нь өргөн барьж, хэрэг алдрахад буцааж буулгаж ч чаддаг төрийн эрхэм түшээд минь болгоож хайрла!

Лувсандоогийн Гүнсэн (СГЗ, сэтгүүлч)