sonin.mn

КИЕВ. /Reuters/. Улсынхаа зөрчил мөргөлдөөнтэй байгаа зүүн нутгийн Донецк мужаас Оросын 10 шүхэрчнийг Украины хүчнийхэн баривчилжээ. “The Ukrainian Independent Information Agency” мэдээний агентлаг улсынхаа БХЯ-ны мэдээллээс иш татан энэ тухай мэдэгдлээ.

Мэдээлэлд дурдсанаар, баривчлагдсан оросууд нь Оросын төвийн нутгийн нисэх хүчний дивизийн  шүхэрчид ажээ. Энэ 10 шүхэрчин дивизийнхээ бусад шүхэрчний хамт Украин руу нэвтэрсэн бололтой. Мөн даваа гарагт Украины сайн дурын цэргүүдийн мэдэгдсэнээр, Оросын цэргийн тээврийн 50 хэрэгслийн цуваа Украины нутаг дэвсгэрт нэвтэрчээ.

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко үүнд маш их түгшиж буйгаа илэрхийлсэн байна. Энэ үйлдэл нь Украины зүүн нутгийн Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийг дэмжих замаар Москва шууд хөндлөнгөөс оролцож байгаагийн нотолгоо гэж Украины Засгийн газар үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг